Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтах ёслол боллоо

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг албан ёсоор угтах ёслол 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Франц Улсын Хууль зүйн сайд Эрик Дюпон болон Парис хотын Цэргийн тойргийн захирагч, генерал Кристоф Абад тэргүүтэй албаны хүмүүс Парисын Дайнд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ордон (Инвалидын ордон)-д албан ёсоор угтлаа.

Ёслолын үеэр Монгол, Францын төрийн дуулал эгшиглэж, Хүндэт харуул Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэв. Ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой хэлэлцээ хийх Элизейн ордон руу хөдлөв. Энэ үед 146 морьтой цэрэг, Францын Гвардын цэргийн мотоциклтой 30 хөтөч залан явлаа.

Угтах ёслолд монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид байлцлаа.

Инвалидын ордон нь Францын XIV Луй хааны 1670 оны зарлигаар дайнд оролцож, эрэлхэг гавьяа байгуулсан цэрэг дайчдад зориулсан бөгөөд ордонд цэргийн түүхийн музей, Наполеон Бонапарт болон Францын цэргийн түүхэнд гавьяа байгуулсан эрэлхэг жанжнуудын бунхан байрладаг.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү