“Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдлээ

2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.
 
Буган чулуун хөшөө нь хүрлийн цаг үеийн Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн соёлын орон зайг танин мэдэх, нүүдэлчдийн угсаа гарвал, нийгэм, аж ахуй, соёл, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар их мэдээллийг агуулсан, нандин, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм.
 
ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенц нь байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд батлагдсан байдаг. 2023 оны байдлаар тус конвенцод 192 улс нэгдэн орсон бөгөөд 167 улсын нийт 1157 байгалийн болон соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсний дотор 900 нь соёл, 218 нь байгалийн, 39 нь хосолмол өв байна.
 
Монгол Улс тус конвенцод 1990 онд нэгдэн орсноосоо хойш Дэлхийн өвийн жагсаалтад Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015) зэрэг 5 өвийн газрыг бүртгүүлээд байсан бол Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд өвийн газрыг ийнхүү бүртгүүлснээр нийт 6 байгаль, соёлын өвийг бүртгүүллээ.
 
1972 оны конвенцод заасны дагуу Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд тухайн соёлын болон байгалийн өв нь дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнтэй байх ёстой бөгөөд түүнийг нотлох 10 шалгууруудаас нэг буюу түүнээс илүүг хангах зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна тухайн өв нь “жинхэнэ байдал” (Authenticity), бүрэн бүтэн байдал (Integrity) бүхий шинж чанарыг тус тус агуулах шаардлагатай байдаг гэж Соёлын яамнаас мэдээллээ.

 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү