Ж.Мөнхбатын ангийн андууд ба Хөгжлийн банкны хэрэг-III

-Ж.Мөнхбат ангийн андуудтайгаа хамтран барьсан “Жаргалант” хотхонд эхнэрээ зодсон хэрэгт холбогдсон-

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ангийн андууд Хөгжлийн банкны зээлээ улсын тусгай хамгаалалттай газарт хаус хороолол болгож, угаасан байж болзошгүй талаар баримт, мэдээлэл бидэнд ирсэн талаар өмнө нь мэдээлсэн. Хөгжлийн банкны дэд захирал, чөлөөт мөнгөн хөрөнгийн удирдлагын Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Б.Чойжилжалбуу, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар нэг ангийн андууд. Тэгвэл Б.Чойжилжалбуу нь өөрийн мэдлийн “Марсгранд” компаниар төрийн тусгай хамгаалалт Богдхан уулын  Жаргалантын ам буюу Хан-Уул дүүргийн дүүргийн VIII хороонд тансаг зэрэглэлийн “Жаргалант” хотхоныг барьсан. Харин тус хотхоныг барьсан тусгай хамгаалалттай газрын эрхийг нь Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал 2016-2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, олгосон байж болзошгүй байгаа юм.

Б.Чойжилжалбуу, Х.Батжаргал нар дундаа “Хамагмонгол хангай групп” компанийг эзэмшдэг  бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Архангай аймгийн залуучууд оюутны төв” гэх ХХК-иар тэдэнтэй холбогдож байгаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах болсноор Б.Чойжилжалбуу, Х.Батжаргал нар төрийн өндөр албан тушаалд очсон юм. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Жаргалант” хотхонд амьдарч ирсэн нь дараах баримтаар нотлогддог. Өнгөрсөн 2021 оны зургаадугаар сарын 16-ны 04.00  цагт “Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дахь “Жаргалант” хотхонд иргэн М эхнэрээ зодох буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Гэвч тэр хэрэг тэгсхийгээд замхраад өнгөрсөн юм. Ийнхүү өнөөг хүртэл хамтарсан компаниар үйл ажиллагаа явуулдаг түрүүвч нэгтэй нэг ангийн андуудын хууль бус үйлдэл хууль хяналтын байгууллагад хүрсэн ч дарагдсаар байна.

Эх сурвалж: shugeluleegch.mn


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү