Ж.Мөнхбатын ангийн андууд ба Хөгжлийн банкны хэрэг-I

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ангийн андууд Хөгжлийн банкны зээлээ улсын тусгай хамгаалалттай газарт хаус хороолол болгож, угаасан байж болзошгүй талаар баримт, мэдээлэл бидэнд ирлээ. Өнөөдөр олон нийтийн анхааралд ороод буй Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууг прокуророос бусдаас авлига авсан гэх үндэслэлээр хорих санал гаргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Шүүхээс Б.Чойжилжалбууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн онц ноцтой заалт буюу “Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх хэсэгт үндэслэн арга хэмжээ авсан юм.

Тэгвэл Б.Чойжилжалбууг анх Хөгжлийн банкны удирдлагад томилоход нөлөөлсөн гол албан тушаалтан нь түүний арван жилийн ангийн анд, хүргэн ахдаа 100 тэрбумаар хэмжигдэх концесс өгсөн шалтгаанаар Монгол Улсын Сайдын албан тушаалаасаа огцорч байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Ж.Мөнхбат 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсоны дараа буюу 2016 оны есдүгээр сард Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ангийн анд Б.Чойжилжалбууг томилуулж байжээ. Улмаар Б.Чойжилжалбуу нь Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл гаргахад оролцоод зогсохгүй өөрийн мэдлийн “М” компаниар төрийн тусгай хамгаалалттай Богд уулын аманд тансаг зэрэглэлийн хаус хороолол барьсан байдаг.

Хуулиараа зөвхөн аялал жуулчлалын зориулалттай ашиглах зөвшөөрөл олгодог тусгай хамгаалалттай газарт хаус хороолол барих боломжийг Ж.Мөнхбат, Б.Чойжилжалбуу нарын ангийн өөр нэг анд Х.Батжаргал олгожээ. Өдгөө Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод буй Х.Батжаргал өмнө нь Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсныг олон нийт мэднэ. Тэрбээр агентлагийн даргаар очихоосоо өмнө Монголд тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөл олгох эрхтэй  ганц  байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм. Төрийн албанд ажилласан туршлагагүй Х.Батжаргал ангийн анд Ж.Мөнхбатыгаа Монгол Улсын Засгийн газрын гал тогоог барьж эхэлсэн 2016 оноос суга дэвшсэн нь энэ.        

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан "Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэдэгт тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан гэж тодорхойлоод, хамт үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Тэгвэл арван жилийн ангийн андууд Ж.Мөнхбат, Х.Батжаргал, Б.Чойжилжалбуу нар дээрх хуулийн заалтыг төрийн албаны томилгоо төдийгүй төрийн мөнгийг ашиглан тусгай хамгаалалттай газарт тансаг зэрэглэлийн хаус хороолол босгож, борлуулан ашиг олох хүртлээ илтэд зөрчсөн байна.  


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү