Б.Бат-Эрдэнэ: Авлигатай холбогдсон албан тушаалтныг тэр өдөрт нь чөлөөлнө

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон тус яамны газар, харьяа байгууллагын дарга нарын бүрэлдэхүүн Төв аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн хэлсэн үгийг тоймлон хүргэж байна. Тэрбээр “Та бүхний маань дэмжлэг маш их хэрэгтэй байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль гэх мэт найман хуулийг ойрын хугацаанд шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий. Хуулийн хүрээнд өөрчлөлт хийж байж бид эрх зүйн чадамжтай болох, албан хаагчдынхаа нийгмийн нөхцөлийг сайжруулах боломжтой болно. Бас аль нэгийг нь биш нийтээр нь уялдуулж өөрчлөх шаардлагатай байгаа. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр байгаль орчноо сүйтгэх, ан амьтнаа устгах зөвшөөрлийг БОАЖЯ өгч байна. Энэ нь байгаль орчин, ан амьтдын зохистой харьцааг алдагдуулж байна. Үүн дээр бид шийдэмгий арга хэмжээ авах цаг болсон. Улсын эдийн засгийг нуруун дээрээ тээж байгаагийн хувьд хариуцлагатай уул уурхайг дэмжих учиртай. Мөн хариуцлагагүй уул уурхайг зогсоох ёстой. Ухаад нөхөн сэргээлт хийгээгүй орхисон, хууль бусаар олборлосон, замбараагүй бичил уурхай бий болгосон гээд маш олон газарт асуудал үүссэн байна. Яамнаас олгодог бүх тусгай зөвшөөрлийг цахимжуулах ёстой гэж харж байгаа. Авлигатай тэмцэх газраас гаргадаг Шударга байдлын үнэлгээгээр БОАЖЯ төрийн байгууллага дундаа доороосоо гуравт орчихсон байна. Дараагийн Шударга байдлын үнэлгээгээр бид дээрээсээ гуравт ордог болох зорилт дэвшүүлсэн. Тэр дагуу шинэчлэх ажлуудыг эхлүүлсэн. Нэг өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа 28 хоног байлаа. Үүнийг өнөөдрийн байдлаар 19 хоног 22 цаг 45 минут болгоод байна. Иргэдийн санал, гомдлыг хүлээн авдаг тусгай утастай болгосон. Төрөөс үйлчилгээ авахын тулд иргэд мөнгө төлдөг байдлыг халах ёстой. Тийм болохоор үнэ төлбөргүй 117 гэдэг дугаарыг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Монгол Улс аялал жуулчлалын хилээ нээснээ зарласан. Энэ хүрээнд мөн 118 гэдэг дугаарыг нээж ажиллуулж байна. Энэ дугаар олон улсад Монгол Улсыг төлөөлөх ёстой гэж харж байгаа юм. Энд дурдсан ажлууд бол би эсвэл яамны дарга нар санаачлаад хийгээд байгаа ажил биш. Салбарт ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж байхад хэлсэн, санал болгосон ажлууд юм. Яамны газрын дарга нарыг томилохдоо дор хаяж докторын зэрэгтэй байх шаардлага тавьж байгаа. Тэгж байж бодлогын яам болно. Аливаа албан тушаалтан, улс төрийн нөлөөлөл орсон, танил талын томилгоог зөвшөөрөхгүй. Удахгүй Төрийн албаны аудит хийнэ гэж бодож байгаа. Бас албан хаагчдынхаа ур чадварыг сайжруулах сургалт хийгээд эхэлсэн. Тусгай хамгаалалттай газар нутаг, сав газар, аялал жуулчлал, байгаль хамгаалагч, мод үржүүлэг гээд бүхий албан хаагчдыг гадаадад олон улсын байгууллагуудын тусламжтайгаар урт, богино сургалтад хамруулахаар төлөвлөж байна. Хүнд суртал гаргаж байвал авлига гэж харна. Нэг мэргэжилтний ширээнд аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг дардаг байдал байж болохгүй. Тусгай зөвшөөрлийг цахимжуулна. Тэгээд ямар албан тушаалтан хүнд суртал гаргаж байгааг цахимаар хянана. Хийх ёстой чиг үүргийнхээ ажлыг хийхгүй байвал авлига гэж харна. Хийх ёстой зүйлээсээ өөр зүйл хийвэл бас л авлига гэж харна. Авлигатай холбогдсон албан тушаалтныг тэр өдөрт нь чөлөөлнө.

Дээр нь хуулийн байгууллагад өгч шалгуулна. Ийм тогтолцоо бий болгож, аль нэг сайд, дарга нараас хамааралтай биш системийг бүрдүүлж байж БОАЖЯ Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хийж чадна” гэсэн юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү