УИХ-ын дэд дарга С.Одонтуяа орон нутагт ажиллалаа

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа энэ сарын 03-06-ны өдрүүдэд Төв, Дундговь, Өмнөговь аймагт ажиллалаа.

Тэрбээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилт талаар аймгуудын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссынхонтой уулзалт хийхийн зэрэгцээ хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүдтэй уулзсан байна.

Улсын хэмжээнд хэлмэгдсэн иргэдийн тоогоор Төв аймаг өндөрт ордог бөгөөд нийт 3093 иргэн хэлмэгджээ. Тус аймагт цагаатгалын нөхөх олговрын мөнгөн тэтгэмжээ хүлээн авсан 43 нэхэмжлэгч иргэн, хүлээгдэж буй 19 нэхэмжлэгч иргэн байгааг Төв аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ц.Жамбалсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагам нар хэллээ.

Харин Дундговь аймгийн хувьд Мандалговь хотын цэцэрлэгт хүрээлэнд хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хойч үедээ таниулах тусгай цогцолбор барих төслийг боловсруулж байгаа юм байна. Аймгийн удирдлагууд цагаатгах ажлыг зохион байгуулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх бусад ажлын талаар УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяад танилцуулсан юм.

Тэрбээр мөн Өмнөговь аймагт ажиллаж, тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Бадраа, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Л.Батчулуун болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэдтэй уулзлаа.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү