Хөгжлийн банкны хэргээр Г.Амартүвшингээс бусдыг нь хорив

-Г.Амартүвшин УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж, шалгуулах ёстой-

Өнгөрсөн долоо хоногт Авлигтай тэмцэх газар, прокурор, шүүх хамтран Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон арваад албан тушаалтныг цагдан хорив. Хоригдогсдын дотор өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн гишүүд зонхилсон. Үүнд Хөгжлийн банкны экс захирлууд болох Н.Мөнхбат, Б.Батбаяр тэргүүтэй удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс багтсан. Гэвч тэрхүү хоморголсон баривчилгаа дундаас МАН-ын төлөөлөгчдийг сугалан үлдсэнийг олон нийт гайхаж байна. Судлаач, хуульчдын дунд ч “Хуулийн нэг заалтын хоёр өөр үйлчлэл” гэх шүүмжлэл дагуулах болсон Хөгжлийн банкны хэрэгт давуу эрх эдлэгсдийн жагсаалтыг Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Г.Амартүвшин тэргүүлж яваа. Учир нь тэрбээр 2019 онд ажиллахдаа мөн л олон арван тэрбумын зээл гаргасан байдаг. Тэрбээр өдгөө УИХ-д хамт сууж буй Х.Ганхуяг, Г.Дамдинням, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр нарт  33 тэрбумын зээл олгосон нь олон нийтэд ил болсон. Г.Амартүвшинг Хөгжлийн банкийг зургаахан сар удирдахдаа нийтэд 60 гаруй тэрбум төгрөгийн зээл гаргасан гэдэг асуудал яригдаж байгаа. Авлигатай тэмцэх газраас түүнийг эдгээр үйлдэлтэй нь холбогдуулан шалгаж эхэлсэн ч УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокуророос гаргах учиртай гэдэг шалтгаанаар шүүхийн танхимаас зугтах болсон. Харин хуульчдын зүгээс энэ тохиолдолд Г.Амартүвшин УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэж, шалгуулах ёстой гэдэг тайлбар өгч байгаа юм. Мөн МАН-ын дүрмээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүн 30 хоногийн дотор намын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэх ёстой. МАН-ын хяналтын хорооноос бусдад давуу эрх олгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, С.Бямбацогт, Н.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат гэсэн найман хүнээс тайлбар шаардаад, олон хонож байна. Нөгөө талаар эрх баригч МАН өнгөрсөн хугацаанд ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаараа улс төр хийлгэж, Хөгжлийн банкны удирдлагыг 100 хувь гартаа атгасан. Үүний зэрэгцээ Монгол Улсын хууль, намын дүрмээ зөрчин байж Г.Амартүвшин нарыг хамгаалсаар байгаа юм.

Эх сурвалж: http://shugeluleegch.mn/


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү