Наадмын дэвжээ өнгө мөнгө, талцал хуваагдлаас ангид байх ёстойг хатуу анхааруулж байна

Үндэсний спортын анхдугаар их чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв.

Тэрбээр "Монгол наадмын дэвжээ ариун дагшин байж, монгол түмний өв соёл, үнэт уламжлал өнгө мөнгө, талцал хуваагдал, хэн нэгэн, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстойг хатуу анхааруулж байна.

Төр, ард түмнээс өгсөн алдар хүнд, цол чимэг, хайр хүндэтгэлийг ямагт өндөрт өргөж, нандигнан хадгалж, хамгаалж яваарай.

Ард түмнийхээ хайр хүндлэлийг хөсөрдүүлэн ёс бус үйлдэл гаргаж, ёс зүйгүй авирласан, спортын шударга ёсны зарчмыг зөрчсөн нөхдөд хатуу хариуцлага тооцож байхыг ард түмэн шаардах боллоо. Энэ хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллагууд Үндэсний их баяр наадмын тухай хууль болон дүрэм, журамд зохих өөрчлөлтүүдийг оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Үндэсний спортыг дэмжих асуудал дан ганц хүмүүсийн сайн дурын хүсэл сонирхол дээр тогтох учиргүй. Харин Монгол төрийн бодлогын цөмд байж, түүнийг дэмжих, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах ёстой.

Үндэсний спортын төлөөх байгууллага, холбоод нэгэн зорилгын төлөө нэгдэн нягтарч, төр засагтайгаа хамтран ажиллаж, Үндэсний спортын бодлого үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргах шаардлагатай байна.

Иймээс Төрийн тэргүүний зүгээс Үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсийг бүх талаар дэмжин Та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.

Цаашид бид залуу хойч үеэ үндэсний спортын төрлөөр хичээллүүлж, бие сэтгэлийн өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй монгол хүнийг төлөвшүүлэхэд онцгой анхаарах ёстой.

Тухайлбал, Эрийн гурван наадам, шагайн харваа, мөсний шагай, мөсний сур харваа зэрэг багийн спорт, үндэсний спортын бусад төрөл болох монгол бие хамгаалах урлаг, тэмээн поло зэрэг спортоо хөгжүүлэн дэлгэрүүлэх шаардлагатай байна.

Мөн үндэсний спортоороо дамжуулан ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй байна. Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн эрүүл байна. Үндэстэн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна" гэв.

Эх сурвалж: President.mn


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү