Ерөнхий сайд аа, шатахууны үнэ цаашид хэд хүрэхийг Г.Ёндон, О.Батнайрамдал 2-оос эртхэн асуу

-Төв банкнаас 278 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан шатахуун импортлогчид үнээ нэмсээр байна-

Одоогоос сар хүрэхгүйн өмнө манай ойрын хөрш казахстанчууд шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан улсаа хөмрөх дөхөв.  Тэгвэл өнөөдөр яг түүнтэй адил шатахууны үнэ дахин нэмэгдэх нь гэсэн айдас манай нийгэмд хуржээ. Харин салбарын сайд нар үүнийг үл ойшоож буй.  Ганцхан сарын дотор инфляц гэх мангаст орлогынхоо 14.6 хувийг нь идүүлсэн ард иргэд шатахууны үнэ цаашид хүрэхийг тааварлаж чадахгүй суугаа. Тэгвэл шатахууны үнийг шатахуун импортлогчдын мэдэлд бүрэн даатгасан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар үүнийг яг таг хэлж чадна. Тэд олон улсын зах зээлийн ханш тайлбарлаж, шатахууны үнийг зах зээлийн үл үзэгдэх гар өөрөө тогтоож байгаа талаар тайлбар хэлнэ. Гэвч төрөөс шатахуун импортлогчдод хөнгөлттэй зээл олж өгснөө өнөөдрийг хүртэл ярьсангүй. Энэ хугацаанд шатахуун жижиглэнгийн үнэ 50 хувиар өслөө. Үүнийг дагаад хүнс, тээвэр, үйлчилгээний өртөг бүгд нэмэгдсэнээр өнгөрсөн оны төгсгөлд хэрэглээний үнийн индекс (инфляц) мөн л 14 орчим хувийн өссөлттэй гарсан. Шатахууны үнийн өсөлт инфляцын 2.1 нэгжийг дангаараа эзэлж байна.

Тэгвэл ард иргэдийн нуруун дээр ирсэн үнийн энэхүү өндөр өсөлт бодлого тодорхойлогчдын алдаа байв уу, зах зээлийн жамаар зайлшгүй ирэх сорилт уу гэдгийг дор өгүүлье. Дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш өссөнтэй холбон тайлбарвал, энэ бол 100 хувь импортын хамааралтай монголчуудын хувьд зайлшгүй ирэх сорилт. Магадгүй, энэ нь хамгийн ухаалаг бөгөөд бодлого тодорхойлогчдын хувьд арьсаа хамгаалах хамгийн зөв тайлбар байх. Тэгвэл шатахууны үнэ чөлөөлт, өссөлттэй зэрэгцэн Монголбанкнаас импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олсоор ирсэн гэвэл асуудал өөр болж ирнэ. Товчхондоо, шатахуун импортлогчид үнэ чөлөөлж өндөр ашиг олохын хажуугаар төрөөс хөнгөлттэй зээлийн дэмжлэг давхар авдаг шударга бус зүйл яваад байна. Энэ явдал хэдхэн сарын өмнө Монгол орон даяар шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж, нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүссэнээс эхтэй. Тэрхүү зохиомол хомсдолын дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийг чөлөөлж буйгаа зарлав.  Удалгүй Монголбанк шатахууны нөөц бэлтгэлийг дэмжих хүрээнд импортлогчдод 9.5 хувийн хүүтэй репо санхүүжилтийн зээл олгож эхэлсэн. Өнөөдрийн байлдаар нийт 278 тэрбум төгрөг олгоод байгаа аж. Тухайн үед шатахуун импортлогчид 66 тэрбумын алдагдал хүлээсэн хэмээгээд 440 тэрбум төгрөг төрөөс нэхжээ.  

Асуудал үүгээр дууссангүй. Хөнгөлттэй зээл олгосон Монголбанк байдал эвгүйтээд ирэнгүүт шатахуун импортлогчидтой үнийн өсөлтийг нь эсрэг хамтран ажиллах санал тавьж таарна. Төв банкнаас энэ талаарх албан хүсэлтээ өнгөрсөн намар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хаягласан боловч хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, О.Батнайрамдал нар шатахууны үнийн өсөлт өнөөдрийн хэмжээнд хүрэхийг мэдэхийн дээдээр мэдэж байсан бөгөөд иргэдийн амьжиргаанаас илүүтэй шатахуун импортлогчдын орлогыг хамгаалсан байгаа юм.

Эх сурвалж: shugeluleegch.mn


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү