Я.Содбаатар Хөгжлийн банктай 2 сэжмээр холбогдсон

-ЕТГ-ын дарга Я.Содбаатар Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй гэж мэдэгдэв-

Ард түмний олон их наяд төгрөгийг үрэн таран хийсэн Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс бусад төрийн өндөр албан тушаалтнууд байр сууриа илэрхийлээд буй. Харин түүнээс урьтаж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өөрийгөө өмгөөлөв. Тэрбээр “Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй” гэж мэдэгдсэн. Гэвч Я.Содбаатар 2016 оноос хойш Хөгжлийн банктай доорх 2 сэжмээр нэр холбогдож ирсэн болохыг танилцуулъя.

1.Я.Содбаатар УИХ-ын гишүүн, Засгийн газарт сайдаар ажиллаж байхдаа хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаж ирсэн компани охин компаниараа дамжуулан Хөгжлийн банкнаас зээл авсан баримт ил болоод байгаа. Я.Содбаатарын хамаарал бүхий гэгдэх “МБҮ трейд” компани 2018.02.13-нд Хөгжлийн банкнаас 11.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ нь өнөөдөр хүүтэйгээ нийлээд 16.8 тэрбум болсон өссөн. “МБҮ трейд” ХХК нь Эмээлтэд “Мал нядалж мах бэлтгэх үйлдвэр”, “Малын худалдааны төвлөрсөн зах” төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан ч өнөөдөр нэг ч төгрөг эргүүлж төлсөнгүй. Гэтэл “МБҮ трейд” компанийн хувьцаа эзэмшигч “Хотол Түмэн” компанийг Я.Содбаатарын УИХ-ын гишүүн байхдаа бүртгүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт байсаар ирсэн.  Харин энэ талаар Я.Содбаатар “2015 онд миний ХОМ-д байсан 5669456 тоот регистртэй “Хотол түмэн” ХХК- ийг 2016 онд нэрийг өөрчлөн “Конкрет адмикс” ХХК болгон улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд одоо энэ компаниа эзэмшдэггүй болно.  Улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 онд “Хотол түмэн” гэх нэрийг 6298788 тоот регистрийн дугаартайгаар бусдад олгосон байна. Шинээр байгуулагдсан энэхүү компани нь надтай ямар нэгэн холбоогүй болохыг үүгээр мэдэгдэж залруулга гаргаж байна” хэмээн тайлбар хийжээ.

2.Я.Содбаатар 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа буюу мөн оноос хойш түүний төрсөн ах Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллах болсон. Иймээс олон нийт Я.Содбаатар өөрийн төрсөн ахаараа дамжуулан ашиг сонирхлын зөрчил гаргасан байх магадлалтай талаар хардаж байгаа. Яагаад гэвэл, Хөгжлийн банкны зээл олголтыг захирлуудын зөвлөл нь санал оруулж баталдаг. Я.Содбаатар өнөөдрийг хүртэл энэ талаараа тодорхой тайлбар өгч чадаагүй явна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өмнө нь УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын албыг давхар хашиж байхдаа ЖДҮ-ээс эхнэрийнхээ компани дээр тэрбум төгрөгийн зээл авсан нь илчлэгдэж байлаа. Тухайн үед “Би эхнэрийгээ зээл авсныг мэдээгүй” хэмээн мэдэгдсэнээр Зам, тээврийн хөгжлийн сайдаас огцорсон удаатай. Түүний дараа Засгийн газар шадар сайдын албан тушаал авсан ч мөн л хариуцлага алдсан шалтгаанаар албан тушаалаа өгч байлаа.

Эх сурвалж: Shugeluleegch.mn


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү