Д.Амарбаясгалангийн 2 нүүр

Өөрийгөө Хөгжлийн банкны аврагчаар тодруулаад буй МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хоёр үзүүртэй зүү шиг ажиллаж эхэллээ.  Тэрбээр “Хөгжлийн банкны луйвартай, дээрэм хийсэн этгээдүүдтэй нам харгалзахгүй хатуу тэмцэнэ” хэмээн сүржин мэдэгдэл хийхтэй нь зэрэгцэн түүнийг тойрон хүрээлэгчид тус банкны удирдлагад ээлж дараалан залрах болов. Хамгийн сүүлд буюу /2022.02.11/-нд Хөгжлийн банкны ТУЗ хуралдаж, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн зөвлөх Ж.Эрхэмбаатар болон Баян-Өлгий аймгийн МАН-ын дэд дарга З.Батырбек нарыг тус банкны дэд захирлаар томилсон байна. Ж.Эрхэмбаатар нь нэр цэвэр хуульч төрхтэйгөөр 2020 оны сонгуулиар бие даан нэр дэвшиж, МАН-ын эсрэг өрсөлдөж байсан нэгэн. Өнгөрсөн оны төгсгөлд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр тохироо хийж очсон. Тэгвэл МАН-ын Бага хуралд хамгийн олон төлөөлөлтэй  Баян-Өлгий аймгийн намын дэд дарга З.Батырбекийг хэтдээ Д.Амарбаясгаланд олон мандатын дэмжлэг авчрах нэгэн гэж үзэж болно. Үүгээр зогсохгүй МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат 2021 оны арваннэгдүгээр сараас Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллах болсон зэрэг томилгоо олныг гайхашруулаад байгаа. Одоо Хөгжлийн банкны Өрийн асуудлаар ажиллах үүрэг бүхий Түр хороог ахлан ажиллаж эхэлсэн. Сүүлийн үед олны анхааралд өртөөд буй Хөгжлийн банк ийнхүү Монгол төрийн мэдлээс улс төрийн намын, тэр дотроо намдаа нөлөө бүхий эрхмийн нөлөөнд очих нөхцөл үндсэндээ бүрдчихлээ. Нэгэнт Хөгжлийн банкны түлхүүрийг атгасан эрхэм ойрын хугацаанд өрнөх хяналт шалгалтад мэдээллийн давуу эрхтэйгээр нөлөөлөх магадлалтай. Цаашдаа хөгжлийн санхүүжилтийг хүссэнээрээ удирдах ч боломжтой. Иймээс Хөгжлийн банкны луйварчидтай тэмцэнэ гэх үйл явцыг Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны зээлдэгчдийг ашиглан нам доторх барьцаа улам ахиулах магадлал өндөр гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэж байгаа. Энэхүү үйл явц Д.Амарбаясгалангийн мэдэгдлээс ч тодорхой харагдаж байгаа. Тэрбээр анх өнгөрсөн сарын 28-нд “Хөгжлийн банкны луйвар дээрэмтэй хатуу тэмцэнэ” гэх утгатай хурц мэдэгдэл хийж байсан бол өдгөө “Мэргэжлийн хуульч, эдийн засагчдын баг бүрдүүлнэ” хэмээн байр сууриа зөөллөв. Ер нь бол Д.Амарбаясгалан хөшигний ард нуугддаг улстөрч. Түүнийгээ ч өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан. Тэрбээр 2016 онд МАН-ын генсекээр томилогдсон цагаасаа хойш Жижиг, дунд үйлдэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл авсан нь батлагдах үед нэг удаа хөшигний ардаас гарч ирсэн. Харин энэ удаад Хөгжлийн банкны асуудлаар хоёр өнцөгтэй мэдэгдэл ар араас нь хөврүүлээд байгаа. Гэвч түүний эцсийн хүсэл намынхаа залуусыг Хөгжлийн банкны удирдлагад оруулах байжээ. 

Эх сурвалж: shugeluleegch.mn


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү