Цементийн үйлдвэрүүд Хөгжлийн банкны зээлийг төлөөгүй шалтгаанаа тайлбарлалаа

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид болоод буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зээл төлөлтөд ямар асуудал үүсээд байгаа талаар тайлбар өглөө. Тэд Засгийн газар зээлийг монгол төгрөгөөр олгох шийдвэр гаргасан ч Хөгжлийн банк ам.долларын зээл гаргасан. Үүнээс үүдэн аж ахуйн нэгжүүд ханшийн алдагдал хүлээж, хүнд байдалд ороод буй аж. Тиймээс ханшийн алдагдлыг хэрхэн зохицуулах, зээлийг монгол төгрөг рүү шилжүүлэх зэрэг асуудлаар Засгийн газар болон Хөгжлийн банкинд хүсэлт гаргаад байгаагаа хэлж байна.

 

Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан

 Тухайн үед Засгийн газраас Хөгжлийн банкны зээлийг төгрөгөөр олгох шийдвэр гаргасан. Гэвч Хөгжлийн банк зээлийг ам.доллароор олгосны улмаас бид ханшийн маш их алдагдал хүлээсэн. Ханшийн алдагдалтайгаар төлбөрөө төлөөд явж байна.

 Монцемент үйлдвэр нийтдээ 126.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авснаас 118.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийгээд байна. Үлдсэн зээлээ огтхон ч төлөхгүй гэсэн байр суурь байхгүй. Төр засаг, Хөгжлийн банк, барилгын салбартай ханшийн алдагдлыг хэрхэн зохицуулах талаар хэлэлцээр хийж байна.


-Хөтөлийн цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чинбат-

 

 Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хүчин чадлыг 1 сая тоннд хүргэх, хуурай аргын тенхологид шилжүүлэх төсөл техник, технологийн хувьд 100 хувь хэрэгжсэн. Энэ төслийг хэрэгжүүлэхээр бид Хөгжлийн банкнаас 61 сая ам.доллар зээлж авсан. Энэ бол төслийн санхүүжилтийн 30 хувь. Засгийн газар төгрөгөөр зээл олгох шийдвэр гаргасан. Харамсалтай нь Хөгжлийн банк ам.доллараар өгсөн. Том төслийн зээл бодлогын хүрээнд урт хугацаатай байх ёстой. Тухайн үед санхүүгийн хүндрэл гарч, дотоодоос зээл хөөцөлдөхөд 5 жилийн хугацаатай, арилжааны буюу 1.8 хувийн хүүтэй 61 сая ам.долларын зээл өгсөн.

 Бусад эх үүсвэрээс төслийн санхүүжилтийн 70 хувийг босгосон учраас маш олон зээлийн хүнд нөхцөлд ажилласан. 2015 онд хүсэлт гаргаж, зээлийн гэрээг 2020 оны 10 дугаар сар хүртэл сунгасан. Ингээд 2020 оноос зээлийн төлөлт эхэлж, нийтдээ 50 гаруй мянган ам.доллар төлсөн. Гэвч коронавирус гарч, хүнд байдалд орсон. Нөхцөл байдал ингэж хүндэрсэн учраас зээлийн төлөлтийн графикаа өөрчлөх санал хүсэлтээ Хөгжлийн банкинд удаа дараа тавьж, маш олон удаа бичиг явуулж, уулзалт хийсэн. Гэвч банктай эцсийн шийдвэрт хүрээгүй учраас өнөөдрийн байдалд хүрсэн.

2015 онд цементийн үнэ 170 000 төгрөг байсан. Өнөөдөр 185 000 төгрөг байна. Ковидын үед цементийн үнэ хамгийн бага буюу дөрөвхөн хувиар өссөн. Ачааллыг өнөөдөр муу хэлэгдэж байгаа цементийн үйлдвэрүүд үүрч явна. Бүх алдагдлыг бид өөрсдөө үүрч байна. Санхүүгийн хүндрэлээс болоод зээлээ төлж чадахгүй байна.

Үндсэн зээл 61 сая ам.доллар. Гэтэл Хөгжлийн банкнаас хүү, хүүгийн торгуультайгаар 103 сая ам.доллар нэхэж байна. Бид зээлээ төлнө. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү