УИХ Хөгжлийн банкны асуудлаар Ажлын хэсэг гаргана

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байгаа бөгөөд өнөөдөр эцэслэн батлахаар болжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар "Тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж байна. Ахмадуудынхаа тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нд нэмэгдэлтэй нь олгоно. Үүнээс өмнө тэтгэвэр авагчдынхаа нөхцөл бололцоог хангах хэрэгтэй. Тиймээс төсвийн тодотголыг өнөөдрийн баталж, ээлжит бус чуулганыг хаана" хэмээн тодотголоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Хөгжлийн банктай холбоотой асуудлыг УИХ дээр ярьцгаая. Ийм зүйл байж болохгүй. Ерөөсөө Монголд хулгай хийдэг хэдхэн хүн л байна. Бүх юмны цаана байдаг. Хуулийн цоорхойг ашиглаж байна шүү дээ. Үнэхээр 1.6 их наяд төгрөгийн асуудал үүсчихсэн байна. Цаашид толгойг нь илээд байх юм уу, энэ хэвээрээ яваад байвал үүнээс илүү хохирол учруулна шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд парламентаас Хөгжлийн банкны асуудлыг шалгах Ажлын хэсэг гаргаж, даргаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг томилох үүрэг чиглэл өглөө. Үүний өмнө 2016 онд Засгийн газрын Ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийж, 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдгийг зарлаж байсан. Тухайн үеийн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа ахалсан байдаг.  


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү