Тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл дөрвөн шаардлага тавилаа

Цагаан хад хилийн боомтод тээвэрт явж буй тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд "Хилийн боомтод тээвэрт явахын тулд тээвэрчид 11-24 хоногийн хугацаанд тусгаарлагдаж байна. Ингэхдээ тээвэрчдийг 10-30 хүний бүрэлдэхүүнтэй тусгаарладаг. Үүнийгээ бөмбөлөг гэж нэрлэдэг. Хэрэв бөмбөлөгт нэг хүн Ковид19-өөр өвдсөн бол бусад жолоочийг ар гэр лүү нь явуулдаг байв. Тэдгээр жолоочийг сүүлийн үед  долоо хоногийн хугацаанд тусгаарладаг болсон.Өнөөдрийн байдлаар Цагаан хад хилийн боомтод 150 бөмбөлөг байна. Нийт таван мянга хоёр зуун хүн гэсэн үг.

Тусгаарлаж буй нэг хүн 120 мянган төгрөг төлдөг. Үүнээс харахад нийт тээвэрчид өдөрт 640 сая төгрөгийг бүрдүүлж байна. Харин нэг сард 18 тэрбум төгрөг болж байна. Мөн тээвэрчдийг хил нэвтрэх хуваарийг боомтын зөвлөл шинжилгээний хуваарь гэж гаргадаг. Энэхүү хуваариар танил, хамаатан садны жолоочоо гаргадаг. Учир нь Цагаан хад боомтод тээвэрт яваагүй багадаа 30 хоносон жолооч нар байна. Иймээс бид дөрвөн шаардлага тус боомтын зөвлөлд тавьж байна.

Нэгдүгээрт хил нэвтрээгүй, тээвэрт цөөн явсан, удаан хугацаанд бөмбөлөгт байгаа 800 тээвэрчин байна. Тэднийг хамгийн эхэнд хил нэвтрүүлэх.

Хоёрдугаарт, хил нэвтрэх хуваарийг цахим болгож бөмбөлөгт байгаа жолооч нарыг гэр лүү нь явуулах. Цахимаар цөөн тоогоор явсан тээвэрчнийг хамгийн эхэнд явуулдаг байх хуваарь гаргах.

Гуравдугаарт, бөмбөлөгт орсон иргэдэд гэрчилгээ батламж олгож дөрөвдүгээр сард хилийн таталт нэмэгдэхэд дахин хил нэвтрэх баталгаа олго.

Дөрөвдүгээрт, Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайханыг Цагаан хад хилийн боомтод очиж, нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцахыг шаардаж байна. Өдөрт 100 орчим тээвэрчин хилээр нэвтэрч байна. Хилээр нэвтэрч буй тээвэрчдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй.

Хэрэв энэхүү асуудлыг шийдэж өгөхгүй бол бид Сангийн яамны гадаа таваг засаад суулт хийнэ. БНХАУ нүүрс авахгүй бол Монгол Улс хүнээ татмаар байна" гэв.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү