Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 10 хувиар буурсан үзүүлэлтэй байна

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр  боллоо.  Хуралдаанаар тус зөвлөлийн энэ оны гуравдугаар улирлын гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал  болон төлөвлөгөөний гүйцэтгэлтэй танилцаж, гишүүн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын  ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэв. Тэр дундаа энэ удаагийн хуралдаанаар нийгэм  залуу үеийнхэнд түгшүүр  төрүүлж буй мансууруулах  эм, сэтгэцэд нөлөөт  бодисын хууль  бус хэрэглээ, тээвэрлэлтийн талаар холбогдох мэргэжлийн  байгууллагуудаас мэдээлэл  сонсов. 

Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням  “Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан. Хар тамхитай тэмцэх газар нь орчин үеийн дэвшилтэт техник, хэрэгслээр бүрэн хангагдан ажиллаж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 11,12 дугаар ангийн сурагчдын эцэг эх, сургуулийн нийгмийн ажилчдад мэдээлэл өгөх зэргээр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорилтот бүлгүүдэд чиглэн зохион байгуулж байна” гэдгийг хэллээ.   Түүнчлэн нийслэлийн цагдаагийн удирдах газраас ирүүлсэн мэдээгээр 2021 оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад нийт 17,360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11,132 буюу 64,1% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд 1,218  хэрэг буюу 9,9%-иар  буурсан үзүүлэлттэй байна.   Ж.Батбаясгалан: Аливаа гамшигтай тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан нэг төгрөг ирээдүйн хор аюулыг арилгахад шаардагдах олон сая төгрөгийг хэмнэдэг Нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын үр дүн гарч байна.

Тухайлбал гэмт хэргийн гаралт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад  10 орчим хувиар буурсан сайн дүн мэдээтэй байна. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа нийт иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд, судалгааны байгууллагууд ялангуяа салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын оролцоо, хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн гарч байна гэж үзэж байгаа. Монгол улс төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус хэрэглээ, эргэлтийн асуудал, энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөх, хэрэглээ нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаад бид зайлшгүй анхаарал хандуулах ёстой. Хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хэрэглээний хор аюул энэ цагт төдийгүй ирээдүйд асар хор уршигтай үр дагавар үүсгэх эрсдэлтэй байгааг бид ард иргэддээ, үр хүүхэд, ирээдүй хойчдоо тайлбарлан таниулах, соён гэгээрүүлэх, зөв бодитой мэдээ мэдээллээр хангаж ажиллах нь чухал.

Тийм учраас бид энэ удаагийн нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар  зөвлөлийн хурлыг хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм эмийн хэрэглээ, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үр дүнтэй зохион байгуулах талаар хэлэлцлээ. Аливаа гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажил, иргэдийн оролцоо, хяналт  хамгийн чухал. Ер нь агаар орчны бохирдол, цар тахлын аюул, гэмт хэрэг, зөрчил зэрэг аливаа гамшигтай тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан нэг төгрөг ирээдүйн хор аюулыг арилгахад шаардагдах олон сая төгрөгийг хэмнэдэг ” гэдгийг онцолсон юм.     

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХХ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү