С.Амарсайхан: Бид амь нэгтэй, зорилго нэгтэй, зовлон нэгтэй монголчууд

Дэлхийн олон улс орнуудын ард иргэдтэй нэгэн адил бид хүссэн ч, эс хүссэн ч коронавирустай дасан зохицож, сөрж бас сэргийлж, мөр зэрэгцэн амьдрахаас өөр аргагүй.
 
Харин халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж, урьдчилан сэргийлэх боломж хүн бүрт бий.
 
Мөн халдвар тархах эрсдэлийг бууруулах боломж аж ахуйн нэгж бүрт бий. 
 
Тийм ч учраас эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах бодлого, шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар бусад орнуудын нэгэн адил баримталж буй.
 
Манай засгийн газар иргэд та бүхнийхээ эрүүл, энгийн бөгөөд хэвийн амьдралын хэмнэлийг эргүүлэн хамтдаа авчрахын төлөө бүх хүчээ дайчлан ажилласаар байх болно.
 
Бүхнийг тас хорьж, хааж, хязгаарлана гэвэл амархан л даа. Харин ард нь айл өрхүүдийн амьжиргаа хэрхэн доройтож, аж ахуйн нэгжүүдийн орлого үйл ажиллагаа нь яаж тасалдаж, доголдож буйг төсөөлөхөд бэрх.
 
Удаан хугацааны хатуу хөл хорио, санхүүгийн хүндрэлээс үүдэлтэй нийгмийн сэтгэл гутрал, бухимдал, хэрүүл маргаан нь цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлийг нэмэгдүүлэх, айл гэрийн амьдралыг хугаслах, нийгмийн бусад сөрөг үр дагаварын эрсдэл хүндрэл улам нэмэгдэх үндэс болохыг үгүйсгэх аргагүй.
 
Иймд Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс хатуу хөл хориог шууд яаран тогтоохгүй асуудалд аль болох ул суурьтай хандаж иргэд, аж ахуйн нэгжүүддээ итгэл хүлээлгэн, эрсдлийг багасгах хугацаа өгсөн.
 
Халдварын тоо өсөж байгаа нь зайлшгүй анхаарах, түгших асуудал мөн үү гэвэл мөн.
Гэхдээ өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлуудын дунджаар 90 гаруй хувь нь өмнөх халдварын голомтуудын ойрын хавьтлаас байгаа ч эх үүсвэр нь тодорхойгүй халдварын голомтууд ч нэмэгдэх хандлагатай байна.
 
Нэг зүйлийг зориуд онцлон хэлэхэд, манайхан “Хэн хаагуур яваад халдвар авсныг олон нийтэд зарла,” гэх зэргээр хувь хүний эрхэнд халдсан шахалт, шаардлага тавьж байгаатай холбоотойгоор халдвартай иргэд явсан орсон газраа хэлэхгүй нуун дарагдуулах явдал анхнаасаа байсан.
 
Иймд ард иргэд маань хаана хаанаа хариуцлагатай, бас хүнлэг байхыг уриалъя.
 
Иргэд та бүхэн ямар нэг шинж тэмдэг илэрвэл, сэжигтэй тохиолдол мэдрэгдвэл даруй өөрийгөө тусгаарлаж эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг хичээнгүйлэн хүсье.
 
Халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөж байгаа ч хоромхон зуур назгайрахад л хэн ч халдвар авах эрсдэлтэй гэдгийг ойлгож, алхам тутамдаа сэрэмжтэй байх нь чухал байна.
 
Бид амь нэгтэй, зорилго нэгтэй, зовлон нэгтэй МОНГОЛЧУУД. Өөдрөг, эерэг байцгаая.
Хамтдаа энэ бүхнийг даван туулахын төлөө илүү хичээцгээе.
 
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү