Оюутнууд спортын 10 төрлөөр аваргаа тодруулна

Монголын оюутны спортын V наадмын албан ёсны нээлт өчигдөр Спортын төв ордонд боллоо. Ирэх арванхоёрдугаар сарын 10 хүртэл зохион байгуулагдах энэхүү наадам нь спортын 10 төрлөөр аваргаа тодруулах юм.

Тус наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын 27 их, дээд сургуулийн оюутны баг тамирчдын төлөөлөл оролцсон бөгөөд Монголын Үндэсний Олимпийн Хорооноос Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцлоо. Энэхүү наадамд Аварга дээд сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Глобал удирдагч их сургууль, Говь-Алтайн АШУҮИС, Дотоод хэргийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Идэр их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, МУИС, МҮИС, Мон-Алтиус дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль, Рояаль олон улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Сити их сургууль, Төмөр замын дээд сургууль, Тэнгэр дээд сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, ХААИС, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль, ШУТИС, Эм Ай Ю дээд сургууль, Этүгэн их сургуулийн оюутан тамирчид оролцож байна.

Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын удаа дараагийн тогтоолын дагуу 2005 оноос эхлэн Монголын Оюутны Спортын Универсиад наадмыг Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран орон даяар болон гадаадад суралцагч оюутан залуусын дунд тав дахь удаагаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг амжилттай ханган биелүүлж, ийнхүү нээлтээ хийж байна.

Оюутан залуучуудын үндэсний Универсиад наадамд амжилттай оролцсон тамирчид Ази тивийн болон дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, БНХАУ-ын Чэндү хотноо ирэх оны наймдугаар сарын 18-29-нд болох дэлхийн оюутны XXXI Универсиад наадамд оролцох эрх авах юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү