“Монголын хаан ширхэгт” ноолуурыг Италийн брэндүүд захиалжээ

Монгол ноолуурын өнгө болон давуу шинж чанарт тулгуурлан “Монголын хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах ажлыг амжилттай хийж байна. Хамгийн нарийн ширхэгт буюу тансаг зэрэглэлийн, чанар сайтай “Хаан ширхэгт” ноолуурыг дэлхийн брэндүүд хэдийнэ хүлээн зөвшөөрч, тэдний хүсэн хүлээдэг бүтээгдэхүүн болоод байна. Тухайлбал, Итали улсаас ирүүлсэн захиалгаар 100 тонн “Хаан ширхэгт” стандартын ноолуурыг экспортод гаргахад бэлэн болжээ.  

“Монголын Хаан ширхэгт” тохирлын тэмдэг нь дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэх тэмдэглэгээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн ба чанарын баталгаа юм. Энэхүү гарал үүсэл, чанарын баталгаат бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гэрчилгээг "Ханбогд Кашимер" ХХК өнгөрөгч 2019 онд авч анхны “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэгтэй хялгасыг нь ялгасан ноолуурыг Итали улс руу экспортолж байсан юм. Тус компани Итали улсаас 100 тонн “Хаан ширхэгт” стандартын ноолуурын захиалга авч, эхний бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар бэлтгэж байна.

Энэ жилийн хамгийн нарийн микронтой ноолуур буюу “Хаан ширхэгт”-ийн стандартыг Сүхбаатар аймгаас бэлтгэсэн ноолуур /15.8-16.1 микрон/ хангасан  байна. Манай улс жилд 9800-10 000 тонн ноолуур бэлтгэдэг нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн 40 гаруй хувь юм. Одоогоор манай улсаас бэлтгэгдэж байгаа ноолуурын 20-30 хувь нь “Хаан ширхэгт”-ийн стандартыг хангаж байгаа юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү