БНХАУ-ын Ухань хотод хөл хорио цуцлагдсанаас хойш “COVID-19”-ийн шинэ тохиолдол дахин бүртгэгдэв

76 хоног үргэлжилсэн хөл хориогоо өнгөрсөн сард цуцалснаас хойш БНХАУ-ын Ухань хотод анх удаа "COVID-19"-өөр өвчилсөн шинэ тохиолдлууд бүртгэгдлээ. Тавдугаар сарын 9, 10-ны өдөр тус хотод шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын зургаан шинэ тохиолдол баталгаажсан байна.

 ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тоо 24 цагт 11.6 мянгаар буюу өмнө нь байгаагүй олноор нэмэгдэж, 221 мянга давлаа. Ингэснээр тархалт хамгийн өндөр байгаа орнуудын жагсаалтад Их Британийн дараа дөрөвдүгээрт бичигдэж байна. Өөрөөр хэлбэл Европт тархалтын шинэ голомтод тооцогдож эхэллээ. Харин Европын орнуудад тархалтын эрч буурч Франц, Швейцар, Грек улс хязгаарлалтаа сулруулж эхэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа хэмжээнд хөл хориог цуцлаад байна. Өөрөөр хэлбэл энэ мягмар гарагаас эхэлж тус улсын хэмжээнд бүх салбарын байгууллагууд эргэн үйл ажиллагаанд орох боломжтой болж байгаа аж. Мөн Казахстан улс онц байдлын арга хэмжээгээ цуцалжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
“Тавдугаар сарын 12-ноос эхлэн улсын хэмжээнд бүх салбарын үйл ажиллагааг зогсоох хугацааг дуусгавар болгож байна. Хэдий тийм боловч цар тахлын эсрэг тэмцэл дуусаагүй. Зарим бүсэд нөхцөл байдал харьцангуй аюулгүй байгаа ч эрсдэл байсаар байна. Улсын хэмжээнд ямар нэг олныг хамарсан арга хэмжээ, бөөгнөрөл бий болгохыг хориглоно. Бүх иргэд эрүүл мэнд, аюулгүй байдлын дүрэм журмуудыг чандлан сахих хэрэгтэй. Эдгээр нь бүх албан байгууллага, дэлгүүр, үйлчилгээ болон тээврийн салбарынханд хамаарна” гэж мэдэгдлээ.

АНУ-д халдварын тохиолдол 1.3 хувиар буюу гуравдугаар сарын сүүл үеэс хойших хамгийн бага дүнгээр өссөн байна. Эндсэн хүний тоо 81.7 мянга даваад байна. Оношилгооны талд АНУ манлайлж байгаа гэж Дональд Трамп мэдэгдлээ. Цагаан ордны бүх албан хаагчдад амны хаалт зүүх шаардлага тавьж эхэлсэн байна. Нью-Йорк муж баасан гарагаас зарим бүсээ эргэн нээхээр болсон ч тархалтын голомт болсон тус хотод хөл хорионы арга хэмжээ зургаадугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

“Gilead Sciences” компани ирэх хагас жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд 1.5 сая ширхэг вакцин хандивлахаар төлөвлөжээ. Үүний тал хүрэхгүй хувийг нь буюу 607 мянгыг нь АНУ авахаар болсон байна.

БНСУ-ын нийслэл Сөүл хотын шөнийн цэнгээний газарт тархсан халдварын тохиолдлын тоо наймаар нэмэгдэж, 94 хүрлээ. Азиас Энэтхэгт шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан хүний тоо 3.6 мянгаар, Сингапурт 500 орчмоор нэмэгджээ.

Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан 4.2 сая (4,253,802), эндсэн 287 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин 1.5 сая гаруй хүн эдгэрчээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү