ШУУРХАЙ МЭДЭЭ: БНХАУ Монгол Улс хоорондын нислэг, төмөр замын зорчигч тээврийг зогсооно

Засгийн газрын хуралдаанаар БНХАУ Монгол Улсын хоорондох нислэг, төмөр замын зорчигч тээврийг бүрэн зогсоох шийдвэрийг гаргалаа. 

Гаргасан тогтоолын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 6000 монгол иргэн урд хөршөөс орж ирсэн байна. Маргаашнаас эхлэн БНХАУ-тай хиллэдэг хилийг 100 хувь хаасан гэж хэлж болно. Агаарын болон төмөр замын тээврээр аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй. Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаан байвал тухайн үед Консулын газрууд ажиллан чартер нислэгээр авчирна" гэлээ. 

Харин Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ж.Бямбасүрэн энэ талаар хэлэхдээ "Монгол Хятадын хилийн Замын-Үүдийн төмөр замын боомт, агаарын замын Буянт-Ухаа, Гашуунсухайтын боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа. Хоёрдугаар сарын 1-нээс хойш Монгол Хятадын хилээр БНХАУ-ын иргэд болон БНХАУ-аар дамжин ирж буй гуравдагч орны иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. 

Хоёрдугаар сарын 6-наас БНХАУ-д байгаа монгол иргэдээ авах зорилгоор хилийн боомтуудаар татаж авсан. Нийт 6000 орчим монголчууд нутагтаа ирснээс хойш хөдөлгөөн бүрэн зогсож, Монгол иргэдийг татан авах асуудлыг Гадаад харилцааны яам зохион байгуулалттайгаар шийдэхээр боллоо" гэсэн юм. 

БНХАУ чиглэлийн агаарын тээврийн сүүлийн нислэгүүд өнөөдөр хийгдэж, нислэг үйлдэх эсэх асуудлыг Засгийн газраас шийдвэрлэх юм байна. БНХАУ-ын иргэд аль ч боомтоор нэвтрэхгүйтэй адил манай улсын иргэд ч БНХАУ-аар дамжин гуравдагч улс руу явах боломжгүй болж байгааг тэрбээр тайлбарлалаа. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү