Коронавирусээс сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Монгол Улс өнөөдрөөс /2020.02.13/ гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Уг асуудлыг өчигдрийн /2020.02.12/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн юм.

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин "Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарим шийдвэр гаргалаа. Тухайлбал, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс (өнөөдөр) гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт (хэсэгчилсэн) шилжүүлсүгэй гэсэн тогтоол гаргалаа. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулаад шинэ корона­вирусийн халдвар, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, Ерөнхийлөгчийн мөн оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 10 тоот зарлигийг үндэслэн хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй гэсэн заалтыг тогтоолд орууллаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдэд үүрэг болгосон заалтыг мөн оруулсан" гэв.

Түүнчлэн "Коронавирусийн тархалтын оргил үе болоогүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч тэгж хэлж байгаа. Оргил үе нь магадгүй энэ цагаан сарын өдрүүдэд таарч болзошгүй гэсэн урьдчилсан тандалтыг эрдэмтэд хийсэн байна. Нөгөөтэйгүүр нүүрсний тээврийг зогсоохтой холбогдуулаад би урьд нь хэлж байсан. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур аймгийн Халиут хот гэж манай хилээс 120 км-ын цаана байгаа юм. Мөн 190 км зайтай өөр хот бий. Тэнд коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Гэтэл дахиад манайтай шууд залгаа Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн гэдгийг зарлаж байна. Тийм учраас ийм арга хэмжээг Улсын онцгой комисс, Ерөнхийлөгч, Засгийн газраас тус тус гаргасан" хэмээн тодотгосон билээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү