Монгол Улс, Австрали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн шуудангийн маркны нээлт болов

Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркны нээлтийн анхны өдрийн ёслол есдүгээр сарын 23-ны өдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болов.

Нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож үг хэлэв.

“Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил” сэдэвт марканд Жаргалант Хайрханы бэлд, Хүйсийн говьд бэлчиж буй янзагаа дагуулсан Монгол бөхөн, Австралийн Улуру хэмээх аварга хадан цохионы энгэрт үр төлөө бойжуулж буй Улаан имжийг дүрсэлсэн аж.

“Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар ёслолд оролцсон хүндэт зочдод дурсгалын марк гардуулав. Маркийг бүтээхэд ахмад дипломатч О.Батсайхан мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажилласан болно.

 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү