Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 474 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 345 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь нас хохирчээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр долоон осол бүртгэгдэж, найман хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж хоёр хүн гэмтсэн.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон.
- Онхолдох хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтэж, гурван хүний амь хохирчээ.
Амралтын өдрүүдийн хугацаанд хүүхэд өртсөн нэг осол бүртгэгдэж, нэг хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 169 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 129, орон нутагт 40 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллав.
Амралтын өдрөөр архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсоны улмаас найман хүн гэмтэж бэртсэн байна.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчхоор заасан байдаг. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба