Гадаадад суугаа монголчууд аян өрнүүлж, 60 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат хандивлалаа

АНУ-д бүртгэлтэй “Говь сан”-гаас Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эмнэлэгт нийт 60 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 60 ширхэг хүчилтөрөгч, пульс хэмжигч багажийг хандивлалаа.
 
Хандивын аппаратыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч хөдөө орон нутагт хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулахаа мэдэгдлээ.
 


Арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “Говь сан”-гийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганхуяг, Т.Батжаргал, “Говь сан”-гийн Монгол дахь төлөөлөгч Э.Гантулга болон Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүрэг, Сэргээн засах клиник эмнэлэгийн удирдлагууд оролцож хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, пульс хэмжигч багажийг хүлээн авлаа.
 
Монголд ковидын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүдийн ачаалал ихсэж, хүний амь аврахад шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг үед тус байгууллага АНУ-д амьдардаг монголчуудын дунд хандивын аян зохион байгуулсан юм. Нийт 30 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч авах зорилт тавьсан 7 хоногийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй монголчууд аяны тухай сонсч хандив илгээж, анхны зорилтоосоо хоёр дахин олон буюу нийт 60 ширхэг аппаратын хандив цугларсан ажээ.
 

 
“Говь сан”-гийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнх “Гадаадад байгаа монголчууд маш богино хугацаанд нэгдэж чадлаа. Хандив илгээсэн бүх хүмүүст баярлалаа, та бүхний оролцоотойгоор өөрөө амьсгалж чадахгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орсон олон хүнд тус хүргэлээ. Хүн бүхэн дор бүрнээ хичээгээрэй, яавал энэ хэцүү үед би эх орондоо, хэн нэгэнд тус болж чадах вэ гэж өөрөөсөө асуугаарай, хариулт нь үргэлж бэлэн байдаг юм” гэлээ. Олон улсын чанарын шаардлага хангасан хүчилтөрөгчийн Jay-5BW загварын аппаратыг худалдан авах, оруулж ирэх ажлыг эмнэлгийн тоног төхөөрөмж импортлогч “Ашид буян” ХХК маш богино хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд тус компани хүчилтөрөгчийн аппаратын үйлдвэрийн баталгаа, мөн засвар үйлчилгээг хангаж ажиллах юм.

 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү