Монгол, Орос, Хятад улсыг дамжин хийх авто тээврийн асуудлыг хэлэлцэв

“Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-т туссан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах гурван талын хамтарсан хорооны II хурал 2021 оны тавдугаар сарын 25-нд цахимаар болов. 

Энэхүү хэлэлцээр нь 2019 оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд хэлэлцээрийн хүрээнд 2020 оны нэгдүгээр сард Монголын талын тээвэрчид анх удаа Монгол Улсад бүртгэлтэй автомашинаар БНХАУ-ын нутгаар дамжин Тяньжин далай боомт хүртэл ачаа тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэсэн.

Хамтарсан хорооны энэ удаагийн хуралд Монголын талын төлөөлөгчдийг Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн яамны Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Ли Хуачян, Оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Тээврийн яамны Автотээвэр болон хотын зорчигч тээврийн төрийн бодлогын газрын дарга Алексей Сергеевич Бакирей нар ахалж оролцлоо. Мөн хуралд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн бүсийн төвийн захирал Б.Ганболд оролцов.

Хамтарсан хорооны II хурлаар “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах хамтарсан хорооны анхдугаар хурлаар тохирсон асуудлын хэрэгжилт, олон улсын автотээвэрлэлтэд Коронавируст цар тахалтай холбоотой үүсч буй хүндрэл бэрхшээлийг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2021, 2022 онд зөвшөөрлийн бичгийг хэрэглэх зохицуулалт, Азийн авто замын сүлжээний АН-4 коридорын дагуух тээврийн маршрутыг нээж, туршилтын тээвэрлэлт хийх боломжийн талаар хэлэлцлээ.

Талууд коронавируст цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээг сулруулж, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд олон улсын автотээвэрлэлтийг эхлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч, идэвхтэй хамтран ажиллахаар тогтов.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү