Өдрийн унтлага эрүүл мэнд, ой тогтоолтод тустай болохыг тогтоожээ

Өдрийн цагаар таван минут ч болтугай нойр авч байх нь эрүүл мэндэд, тэр дундаа ой тогтоолтод эерэг нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлтэд Хятадын эрдэмтэд хүрээд байна. Энэхүү судалгааны үр дүнг British Medical Journal сэтгүүлд нийтэлжээ. 

Судлаачид Хятадын Бээжин, Шанхай, Шиань хотод оршин суудаг 60-аас дээш насны 2200 гаруй хүний нойрны дэглэмийг судалсан байна. Тэдгээрээс 1534 нь өдөр 5 минутаас хоёр цагийн хугацаанд унтдаг бол 680 нь өдрийн цагаар унтдаггүй байжээ. Улмаар өдрийн унтлага өндөр настай хүмүүсийн орон зайн баримжаа, хэл яриа, ой тогтоолтод эергээр нөлөөлдөг болохыг тэд судалгааны үр дүнд тогтоожээ. Мөн деменц буюу тэнэгрэх өвчний шинж тэмдэг илрэх нь өдөр унтдаг хүмүүст харьцангуй бага илэрсэн байна.

Ой тогтоолт муудах, оюун ухааны чадвар сулрах, цаг хугацаа, орон зай баримжаалах чадвар муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг деменц өвчтэй 50 сая орчим хүн дэлхий дахинд амьдардаг байна. Дээрх судалгаа нь бүрэн гүйцэт дуусаагүй бөгөөд өдөр унтсанаар ой тогтоолт болон оюуны чадварт хэрхэн нөлөөлж буйг, деменц өвчнөөс үнэхээр сэргийлдэг эсэхийг бүрэн нотолж чадаагүй байгаа аж.

Эх сурвалж: ВВС


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү