Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж, боомтуудын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 39 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурал, Ханбогд сумын онцгой комиссын хуралд оролцлоо. Мөн Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа, Хишиг буян ХХК-гийн Тайван зогсоол, Нүүрс ачих буулгах төвийн гаалийн хяналтын бүс, Оюутолгой, Эрдэнэс Монгол ХХК, Гашуунсухайтаас Цогтцэцэий хүрэх авто зам дагуух гуанзнуудын үйл ажиллагааны бодит байдалтай танилцлаа.

Шалгалтаар илэрсэн сул тал
  • Тайван зогсоолд 3000 орчим автомашин зогссон, жолооч нар машиндаа удаан хонож, даарч байгаа, машины шатахуун дуусч байгаа талаар ярьж байна. Жолооч нарын төлөөлөлтэй уулзаж, нийт 500 гаруй жолооч нараас саналыг нь бичгээр авахад тэдний олонх нь гэртээ буцах шаардлагатай гэсэн байна.
  • Зам дагуух хоол, худалдааны гэрүүдэд халдвар хамгааллын дэглэм огт мөрдөгдөхгүй байна.
  • Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын, ялангуяа мэргэжлийн хяналтын байцаагчдын ажиллах нөхцөл маш хүнд, халдвар хамгааллын дэглэм баримтлах боломж нөхцөл муутай байна.
  • Гашуунсухайт боомт Цагаанхад орчимд жолооч нараас сорьц авч байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтний хамгаалах хувцас хэрэгсэл дутагдалтай, хүйтэнд 24 цаг гадаа ажиллаж, явуулаар сорьц цуглуулж, маш хүнд нөхцөлд ажиллаж байна.
Газар дээр нь шийдвэрлэсэн асуудлууд:
  1. УОК-т Тайван зогсоолын бодит байдлыг танилцуулж, УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн ОК-ын дарга, аймгийн Засаг даргын захирамж гаргуулж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад бүст байгаа Тайван зогсоолд байрлуулсан богины тойргоор нүүр тээвэрлэдэг жолооч нарыг Тайван зогсоолд автомашинтай нь оруулж, тусгаарлах шийдвэрийг хүчингүй болгож, уг зогсоолоос жолооч нарыг гаргах ажлыг зохион байгуулсан.
  2. ЭМЯ-наас гарсан шийдвэрийн дагуу ЗӨСҮТ, аймгийн ЭМГ, сумдын ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Гашуунсухайт боомт дахь богины тойрогт нүүрс тээвэрлэж байсан жолооч нар КОВИД-19 халдварын вирус илрүүлэх полимеразын гинжин урвалын шинжилгээнд бүрэн хамруулсан тул уг шинжилгээг уртын тээвэрт нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт хийлгэхэд ПОСТ 3 руу сорьц цуглуулах 4 багийг шилжүүлсэн. Ингэснээр 12 сарын 06-ны өдөр уртын тээврийн 400 жолоочоос, 12 сарын 07-нд 430 гаруй жолоочоос хамар залгиурын сорьц авч, явуулын PCR шинжилгээнд хамруулснаар одоогоор 601 хүний хариу сөрөг гараад байна.
  3. Уул уурхай олборлолт эрхэлдэг аж ахуй нэгжийн ээлжийн ажилтнуудыг Өмнөговь аймгаас харьяа аймаг дүүрэгт буцаахдаа тандалтын асуумж, мөн КОВИД-19 халдвар илрүүлэх шинжилгээний сөрөг гарсан хариунд үндэслэн буцаах ажлыг  Аймгийн онцгой комисс, Ханбогд сумын ОК, аж ахуй нэгжтэй хамтран зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж эхэллээ.
  4. Уул уурхай олборлолт эрхэлдэг аж ахуй нэгжийн ээлжийн ажилтнуудыг Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг чиглэлд зорчиход нэгдсэн зохион байгуулалттайгаар PСR шинжилгээ хийлгэхийг Эрдэнэс тавантолгой ХХК болон туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдийн удирдлагуудад мэдээлэл өгч, ЭМЯ-наас бэлтгэсэн 4 цэгт шинжилгээг ЭМХТөв хариуцан зохион байгуулж эхэлсэн.
  5. Өмнөговь аймгийн БОЭТ, ЭМГ, Хатан заяат говь хувийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, КОВИД-19 цар тахлын үеийн төлөвлөгөөтэй танилцаж, зөвлөмж өгч, ажлын хэсгийг сум, боомтод ажиллаж байх хугацаанд дараах ажлыг хийсэн байхыг үүрэг болголоо. Үүнд:
  • Аймгийн нийт хүн амын дүнд халдварын эрсдэлийг 1 хувь байхаар тооцоолж, халдвар авсан хүний хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд байх эрсдэлийг тооцоолж, түүнд тохирсон эм, эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийн тооцооллын төслийг боловсруулах,
  • БОЭТ эрсдэлд  өртвөл эмнэлэгт шилжүүлэхээр төлөвлөсөн байрууддаа эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, цагдаагийн баг очиж үзэж болох эсэхийг бодитойгоор үнэлж төлөвлөгөөндөө тусгах,
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын ачаалал, аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын одоогийн ачаалалд үндэслэн, ажлын хуваарь орлон ажиллах, ээлжлэн ажиллах хуваарийг бодитойгоор тооцож гаргах,
  • Халдвартын тасгийн хог хаягдал, ногоон-шар-улаан бүсийг дахин хянаж зөв зохион байгуулах,
  • БОЭТ, Ханбогд сумын ЭМТ-д байгуулах био аюулгүй ажиллагааны 2р лабораторийн засварыг аж ахуй нэгжтэй хамтран 10 хоног дотор багтааж бүрэн дуусгах,
  • Даланзадгад хот, Цогт-Овоо, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс, Ноён сумдын хүн    амын дунд өргөжүүлсэн тандалт хийх тооцооллыг өрх айлаар тооцоолон бэлэн болгох, бэлтгэлийг хангах,
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хувийн хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн өмсгөж, үйлчилгээ үзүүлэх дадлагыг тогтмол хийж сургах,
  • Халдвартай хүнийг эрчимт эмчилгээ, КТ хийлгэхэд бусад үйлчлүүлэгчдэд эрсдэл учруулахгүйгээр тээвэрлэх боломжийг бүрдүүлэх зохион байгуулалтыг тооцоолж, төлөвлөх.

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү