Түмэн шувуут-2 төсөл бүрэн хэрэгжсэнээр нэмэлтээр 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэнэ

-Дэд сайд М.Ганхүлэг “Түмэн шувууд” хувьцаат компанид ажиллаж, үйлдвэртэй нь танилцлаа-

2004 онд байгуулагдсан Аз жаргалыг үйлдвэрлэгч "Түмэн шувуут" Хувьцаат Компани нь Монгол Улсын дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж байна. Үйлдвэрийнхээ хэрэгцээг хангах зорилгоор 100 хувь Монгол Улсын хөрөнгө оруулалттай өндөгний үүр үйлдвэрлэл болон малын тэжээлийн үйлдвэрлэлийг давхар эрхэлж байна.

Шувууны аж ахуй нь хуучнаар Шувуун фабрикт байрлан нийт 18 га газар эзэмшин 13000м2 талбай бүхий үйлдвэрийн барилга байгууламжтай. Нийт 350 000 өндөглөгч тахиатай, нэг ээлжиндээ 80 000 толгой дэгдээхэй бойжуулах, 153 600 ширхэг өндөг дарах хүчин чадал бүхий инкубаторын цехтэй, өдөрт 200 000 ширхэг өндөг үйлдвэрлэн худалдан борлуулдаг. Орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн бүрэн автомажсан тоног төхөөрөмжтэй үйлдвэр юм.

Дэд сайд М.Ганхүлэг: Бид нэн тэргүүнд өндөгний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах шаардлагатай 

Монгол Улсын хүн амын өндөгний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал 2021 онд монголчууд жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэдэг байсан бол өнөөдрийн байдлаар 430 сая болж нэмэгджээ. Мөн бид дийлэнхдээ ОХУ-ын Эрхүү, Красноярск, Новосибирск мужаас импортын өндөг авч байна. 2010 оны үед 30 гаруй шувууны аж ахуй байсан боловч импортын зах зээлийн үнийн өрсөлдөөнд хаагдаж 10 аж ахуй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс харахад бид нэн тэргүүнд дотоодын өндөгний хэрэгцээг хангах шаардлагатай байна.

"Түмэн шувуут" Хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Ж.Болд: Бид энэ онд 117 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна 

Манай улс тахианы махны хэрэгцээнийхээ 90 орчим хувь, өндөгний хэрэглээний 50 хувийг гаднын улс орноос импортолж, багахан хувийг дотооддоо хангаж байна. Хөдөө аж ахуйн орны эзэн болсон бидэнд энэхүү дутуу орон зайгаа нөхөж Монголдоо үйлдвэрлэх асар их нөөц бололцоо бий. Тиймээс "Түмэн Шувуут" компани туулж ирсэн туршлагадаа үндэслэн хөрөнгийн зах зээлд оролцогч аж ахуйн нэгж болсон. Ингэснээр манай бүх үйл ажиллагаа нээлттэй болсон онцлогтой. Мөн бид өндөглөж байгаа тахиа, хөдөлмөрлөж байгаа ажилтнууд, хүртэж байгаа хэрэглэгчид аз жаргалтай байхад тэмүүлж ажилладаг. 2022 онд 97,7 сая, ширхэг өндөг үйлдвэрлэсэн бол 2023 онд 117 сая ширхэг өндөг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Үүнээс гадна "Түмэн шувуут-2" төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар нэмэлтээр 80 хүнийг ажлын байраар хангаж, 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, 32 тэрбум төгрөгийн борлуулалт хийх юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг түлхүү дэмжиж байгаад талархаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү