З.Мэндсайхан: Хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа болж байгаа билээ.

Тус үйл явдлыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан үг хэлэв.

Тэрбээр "Дэлхий дахинд хүнсний аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж-аюулгүй байдал”-д  Үндэсний хэмжээнд анхаарах, бодлого, зохицуулалтыг эрс сайжруулах санаачилга гаргаж, 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байна.

Энэхүү хөдөлгөөнийг хүнс үйлдвэрлэгчид маань түүчээлэн дэмжиж Хүнсний хангамж, аюулгүй байдал-хүнс үйлдвэрлэл зөвлөгөөн, мөн хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр, хямдралтай, урамшуулалтай худалдаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсад хүнс боловсруулах 1,880 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын энэ хүнд цаг үед манай боловсруулах үйлдвэрийнхэн гар хумхилгүй ажиллаж, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрч, боловсруулах салбарт хүнсний үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин сүүлийн 10 жилийн хугацаанд 4 дахин нэмэгдэж, хүнсний дотоодын үйлдвэрлэл биет хэмжээгээр 1.5 дахин нэмэгдсэн байна.

Сүүлийн саруудад гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтийг саармагжуулах зорилгоор Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг тус тус баталж,  цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлөх, 12.7 мянган тонн нөөцийн мах бүрдүүлж, нийслэлчүүдийнхээ хэрэгцээнд нийлүүлж, 19.2 сая литр сүүнд 9.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгож, нийт 550 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр хүнсний боловсруулах үйлдвэрийнхэнд олгох шийдвэрийг гаргаад байна.

Хүнсний хангамж-аюулгүй байдал хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Үндэсний хэмжээнд хууль эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрийг дэмжих цогц зорилтыг дэвшүүлэн Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байна. Тухайлбал,

  • Хөдөө аж ахуйн багц хууль батлуулах,
  • Хүнсний хангамж, аюулгүй байдлын тогтолцоог шинэчлэх,
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгаа, бүтээгдэхүүн хөгжлийн төв байгуулах,
  • Хүнсний сүлжээний үе шат бүрд зохистой дадлыг хэвшүүлэх,
  • Хөдөө аж ахуйн цахим нэгдсэн системийг бүрдүүлэх,
  • Хүнс, хөдөө аж ахуйн салбарын итгэмжлэл, баталгаажуулалтын тогтолцоог шинэчлэх, чадавхжуулах,
  • Урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох,
  • Хүүхдийн хоол тэжээл, хуурай сүү, давс, хүнсний  сав, баглаа боодлын  үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тодорхойлох, тулгамдаж буй богино, дунд, урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэйг онцлон хэлэхийн ялдамд Монгол Улсын хүн амын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүргийг хүлээж байгаа хүнс үйлдвэрлэгч Та бүхэндээ ажлын амжилтыг хүсье" гэв.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү