Сүүний урамшууллыг тасралтгүй олгосноор эрчимжсэн мал аж ахуй хөгжих, малчид хорших хөшүүрэг болно

Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн нь стратегийн хүнсэнд тооцогддог. Сэлэнгэ аймгийн Мандал суманд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн, Монгол Улсын сүүний хэрэгцээг хангахад “Макс-Агро” мал аж ахуйн цогцолбор фермийн хамт олон томоохон үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолбор фермтэй танилцлаа.
 
“Макс-Агро” ферм анх сүүний чиглэлийн 300 үнээтэй байсан бол өдгөө жилд 20 орчим тэрбум төгрөгийн сүүг 2500 бэлтгэн нийлүүлэгч, малчнаас авдаг, өөрсдөө 500 гаруй үнээтэй болж өргөжжээ. Мөн өнгөрсөн онд 7 хоршоо байгуулсан бол энэ онд 10 хоршоо болгон өргөжүүлж, илүү олон малчинг хамтарч хөдөлмөрлөх, мал, малын ашиг шимийг бизнесийн эргэлтэд оруулахад нь туслах гэнэ.
 
“Сүү” компанийнхны оруулж ирж, Монголд нутагшуулж байгаа Гольштейн үүлдрийн гунж нь саалийн 305 хоногтоо 7500-14000 литр сүү өгдөг, амьдын жин нь дунджаар 700кг татдаг байна.
 
Монгол хүн жилдээ жилдээ 168 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэх заалт бий ч өнөөдрийн байдлаар 80 орчим кг сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэсэн судалгаа бий. Хүн ардын сүүний хэрэгцээг ахиулахад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, кластераар нь дэмжих зайлшгүй хэрэгтэй байгааг фермийнхэн онцолж байна.
 
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр сүүний зах зээлийг тэлэх, малчдаа дэмжих хэд хэдэн сайн шийдвэр гаргасны нэг нь сүүний урамшуулал. Урамшууллын талаар “Сүү“ компанийн захирал М.Болод “ХХААХҮЯ-наас 2020 оноос сүүний урамшууллыг малчдад өгч эхэлсэн. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний литр тутамд 500 төгрөгийг олгодог. Энэ урамшууллыг үргэлжлүүлэх, зуны улиралд харьцангуй үнэлгээг нь буулгаж, өвлийн улиралд нь хэвээр олгох зэргээр дэмжлэгээ үргэлжлүүлснээр сүү бэлтгэн нийлүүлэгчид сүүгээ хэрэгцээндээ зориулахаас илүү үйлдвэрт тушаах нь нэмэгдэнэ. Сүүний үйлдвэр 1800 төгрөгөөр литр сүүг авдаг байсан бол 2300 төгрөгөөр сүүг үнэлж авах боломжтой болно. Тиймээс сүүний урамшууллыг бүтэн жилээр нь олгодог байх санал дэвшүүлж байна” гэв.

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү