Хаан банкны хэрүүлийг тойрсон танин мэдэхүйн 10 тодруулга

“Хаан банк”-ыг тойрсон элдэв хэрүүл бараг сүүлийн хоёр жил сошл мэдиа, жиргээнээс салсангүй. Учир нь УИХГ Ч.Хүрэлбаатар энэ сэдвийг “шүншиглэн” босгож ирээд байгаа юм. Тэрээр яагаад ингээд байгаагийн учрыг хэлж өгөх 10 тодруулгыг хамтдаа харцгаая.

1. Хүрэлбаатар гэнэт л нэг өдөр Хаан банкыг сахал Эрдэнэбилэг авчихлаа гэж зарласан. Мөн Монголбанк энэ арилжааг баталсан болохыг би нүдээрээ харсан гэсэн. Дараа нь Хотын дарга Д.Сумьяабазар авчихаж гэж бухимдав. Дээрх бүх хэлсэн зүйл нь худлаа болох нь нотлогдсон.
Үнэндээ Хаан банкны 60 хувийг эзэмшдэг Савада гэгч япон эр хувьцаагаа зарахаар болж, түүнийг нь өөр нэг Япон хүн авна гэсэн процесс энэ өдрүүдэд явагдаж байна. Харин энэхүү бизнесийн энгийн үйл явцад Хүрэлбаатар гишүүн улангасан бухимдаж, бусад руу дайрч, сошл мэдиад асар том баг хөлслөн авч, хэдэн зуун сая төгрөгийн төлөвлөгөө зохиожээ. “Plan SUM” тун ч сүржин нэртэй самбар дээрх төлөвлөгөөний зураг ч сошл мэдиагаар тархаж эхэлсэн.

2. Үүний учир тун ч амархан тайлагдав. Хаан банкны 60 хувийг эзэмшигч Савада өөрийн хувьцаагаа зарах болмогц өөр нэгэн томоохон хувьцаа эзэмшигч Таванбогдын босс Ц.Баатарсайхан худалдан авахыг хүсчээ. Харин үүнд нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа ихээхэн хүч тавьж хамтран оролцсон байна. Энэ нь 2019 оны 1-р сарын 29-нд Сангийн сайдаас Савада руу явуулсан захидлаар нотлогддог.

3. Захидлын агуулга тун ч илэрхий: “Хувьцаагаа бусад банкинд зарж болохгүй, зөвхөн Таванбогдод зарвал Монгол Улсын Засгийн Газар хүчтэй дэмжих болно, мөнгийг нь ч шийднэ”...
Энэ бол энгийн нэг захидал биш Монгол Улсын Засгийн Газрын БАТАЛГАА болох баримт бичиг юм. Засгийн газрын баталгааг нэг салбарын сайд дангаараа гаргах хуулийн эрхгүй. Харин гаргаснаараа дор хаяж 4 хуулийг зэрэг зөрчжээ. Үүнийг ҮАБЗ, Засгийн газрын нэгдсэн хуралдаан, Ерөнхий сайдын шийдвэрээр гаргадаг. Эсвэл Хүрэлбаатар гуай тийм том эрх мэдэлтэй, бүх юмны дарга хүн билүү?

4. Бас ч том дарга гэж хэлж болохооргүй байна. Учир нь тэрээр энэхүү захидлаа иргэдээс болон хуулийнхнаас чанд нууцалсан байх юм. Нуусан арга нь ч тун уран нарийн.
2019 оны 1-р сарын 29 гэх тэр өдөр Сангийн яамнаас өөр нэгэн албан бичгийг Нийслэл рүү илгээжээ. Хэн нэгнийг шагналд тодорхойлсон, энгийн тэр бичиг харин Япон руу илгээгдсэн мөнөөх Засгийн газрын баталгаат захидалтай яг ижил дугаартай юм. Өөрөөр хэлбэл Сангийн яамны архиваас хайвал тэр гэмгүй нэгэн бичиг л олдоно гэсэн үг. Баргийн хүний толгойд ийм ухаан орохгүй дээ.

5. Гэвч энэ захидлыг Савада гуай илчилж орхилоо. Савада ч бай, хэн ч бай угаасаа Баатарсайханы үйл ажиллагаанд таатай хандах ямар ч аргагүй билээ. Учир нь орон даяар тархсан Хаан банкны сүлжээ бол баргийн уул уурхайгаас дутахгүй том хэрэглээтэй. Харин үүнийг нь Таванбогдын охин компаниуд эзэлж, нойлын цааснаас эхлээд төрөл бүрийн барааг зах зээлийн үнээс хэд дахин өндрөөр шахдаг байв. Савада үүнийг яаж ч чаддаггүй.

6. Удтал тэсвэрлэсэн Савада Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын талаарх гомдлыг Монголын АТГ-д өгснөөр өдгөө эрүүгий хэрэг нээгдэн шалгагдаж байна. Угаасаа Засгийн газрын нэрийн өмнөөс, Сангийн сайдын албан бланк, тамгыг ашиглан, Сангийн сайдын эрх мэдлийг хэтрүүлэн хуурамч (ижил дугаартай нөгөө бичиг нь жинхэнэ юм бол энэ бичиг хуурамч) бичиг баримт үйлдсэн нь хүнд гэмт хэрэг билээ.

7. Захидал илэрдэг өдөр Ч.Хүрэлбаатар сэтгүүлчидтэй уулзав. Гэвч сэтгүүлчийн асуултуудад захидлын тухай нэг ч тодорхой хариулт хэлсэнгүй. Ярианд нь үнэн бодитой юм нэг ч гарсангүй. Улмаар “Та Хаан банктай холбоо байгаа юу?” гэсэн асуултад “Байхгүй” гэсэн ганц үгээр хариулсан. Шударга, зөөлөн дуутай, мундаг улстөрч Ч.Хүрэлбаатар гуай ч мөн дөө.

8. Гэтэл энэ хариулт нь мөн л мордохын хазгай болж, ердөө маргааш нь түүний төрсөн ах Ч.Гантулга ба “Хаан”-ы хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайхан нарын 50/50 хувийн эзэмшилтэй “Би Жи Тип” компанийн бичиг баримт гараад ирээд зогссонгүй нэр дээрээ хийсэн лицензийн наймааны түүх ч ил болов.

9. Хаан банкыг эзэмших шунал нь биелээгүйд хонзогносон Ч.Хүрэлбаатар хавийн амьтан руу жил гаруй чичлэн дайрсан. Харин тэрхүү захидал задарснаас хойш тэрээр өнөөдөр ихэд сандралтай, уймарсан байдалтай, сэтгүүлчдийг асуултад нэгхэн минутын дотор эсрэг тэсрэг хариулт өгөн тэвдэж явна. Энэ асуудлаас болж өөрийнх нь урьд хождын булхайнууд ч дэлгэгдэн “Хүрэлбаатарын ургийн мод”, “Хүрэлбаатарын сонгуулиар нүүлгэсэн царцаа” гэх мэт сонирхолтой, шившигтэй сэдвүүд нийгэмд тархаад байгаа билээ.

10. Ч.Хүрэлбаатар өмнө нь Хотгор Шанагын уурхайн гэх асуудалд холбогдож байсан юм. Үүгээр тэрээр мөрөөрөө бизнес хийж явсан Солонгосын хөрөнгө оруулагчдыг “чадаж”, түүнийх нь гороор солонгос иргэдийн зарим нь шоронд хүртэл сууж байгаа билээ. Харин өнөөдөр тэрээр Хаан банкны асуудалд ихэд гүнзгий ороогдож, японы хөрөнгө оруулагчийг хашраасныхаа үр дүнд АТГ-д дуудагдан яваа билээ. Эх орон нь яаж нэг гаднын хөрөнгө оруулалтыг татья даа гэж зовох зуур ийм нэгэн том дарга нь тэднийг хайр найргүй ташуурдан, дээрэмдэж явна.

Ps: Дээрх явдлуудтай холбоотой нотлох баримтуудын зургийг хавсаргав.

Эх сурвалж: Shugeluleegch.mn


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү