Г.Чингис: АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Ерөнхийлөгч Жо Байдены гарын үсэгтэй Цагаан ордны захиа, гэрчилгээ, энгэрийн тэмдэг дагалдаж ирсэн

Мөн тэрбээр АНУ-д 14 жил ажиллаж амьдрах хугацаандаа олон нийтийн соёл, боловсролын ажлууд санаачлан зохион байгуулж, бүр АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн юм.

-АНУ-д очоод хэдэн жил болж байна, ямар ажил хөдөлмөр эрхэлж байгаа вэ?

-Энд ирээд 14 жил болж байна. АНУ-ын Чикаго хотод амьдардаг, ачаа тээврийн машины /truck/ жолоочоор ажилладаг. Найзуудын хэлснээр эндхийн зах зээлд IT-ийн чиглэлээр өрсөлдөж үзье гэж бодоод Чикаго хотод төвтэй “Egulen Systems” компани үүсгэн байгуулаад, хамтран ажиллаж байна.

Манай компани хумс засал (маникюр)-ын 500 орчим салоны хэрэглээнд зориулсан программ хангамж, апплэйкшныг бүтээгдэхүүн болгон нэвтрүүлсэн. Бид Чикаго хотод болон бусад нэлээн хэдэн салбарт бүтээгдэхүүнээ гаргасан цаашид амжилттай ажиллаж, салбартаа түүчээлэх зорилготой тавьсан.

-Монгол хүмүүс ажилладаг уу, хэчнээн ажлын байр бий болгосон бэ?

-“КОВИД-19”-ийн улмаас одоогоор гэрээсээ ажиллаж байгаа. Төв оффист таван хүн ажилладаг. Харин хөгжүүлэгч нар Монголд байгаа.

Манай компани монгол хүмүүсээр хүний нөөцөө бүрдүүлсэн.

АНУ-д байгаа монгол хүүхдүүд эх хэлээ мэдэхгүй байгаа нь тулгамдсан асуудал болж байна

-Анх АНУ-д ямар зорилго өвөртөлж очсон бэ. Эргээд харахад зөв сонголт байсан уу?

-Монголд их сургуулиа физикч мэргэжлээр төгсөөд үргэлжлүүлэн магистрын зэрэг хамгаалъя гэж ирсэн. Энд ажиллаж, амьдраад эхнэр, хүүхэдтэй болоод нэг мэдэхэд 15 жил болсон. Эргээд харахад зөв шийдвэр байж гэж харж байгаа. Хувь хүний хувьд энд арай илүү бүтээмжтэй байгаа санагдсан. Монголд байсан бол компаниа байгуулаад, ажиллах боломж байх уу, үгүй юу гэж боддог.

-Физикч мэргэжил Монголд эрэлттэйд тооцогддог. Мэргэжлээрээ эх орондоо ажиллаж боломж байсан уу?

-Цөмийн физик нарийн мэргэжилд ордог. Мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн комисс/хуучин нэрээр/, Цацрагийн хяналтын газар, эмнэлгүүд зэрэг улсын байгууллагад ажиллах болон ерөнхий боловсролын сургууль багшлах боломж байсан. Тухайн үед цалин 54 мянган төгрөг гэхээр хангалттай мөнгө биш. Ер нь явахгүй бол болохгүй нь гээд эх орноосоо гарсан даа. Энд ирснээсээ хойш мэргэжлээрээ ажиллаагүй.

-Та АНУ-д монгол хүүхдүүдийн дунд олимпиад зохион байгуулдаг гэсэн. Яагаад математикийн олимпиад зохион байгуулдаг вэ?

-Монголд байхдаа сургуулиа төлөөлөөд математикийн олимпиадад оролцдог байлаа. АНУ-д ирээд харахад энд байгаа монгол хүүхдүүд янз бүрийн хэлээр ярьж өсөж байгаа.

Энд төрж байгаа хүүхдүүд өөрсдийгөө монгол гэдгээ мэдэрч өсөх ёстой. Хүүхдүүд ээж, аавыгаа дагаад хүүхдүүдийн төрсөн өдөр, баярын, урлагийн арга хэмжээний үеэр ч юм уу бусад монгол хүүхэдтэй тааралддаг. Тэгэхээр олимпиадад оролцож, академик түвшинд нэг дор цуглаж болдог юм байна гэдэг ойлголт өгье гэж бодоод анхны олимпиадыг Чикаго хотод зохион байгуулсан. Эцэг, эхчүүд ам сайтай байсан болохоор урамшаад үргэлжлүүлэн АНУ даяар долоон хотод зэрэг зохион байгуулсан юм.

Олимпиадын үр дүн маш сонирхолтой байсан. Муж, мужаар хүүхдүүдийн дундаж дүн гараад ирэхээр эцэг, эхчүүд ч мэдээлэлтэй болсон.

Энэ онд коронавирусийн халдварын улмаас бүх л арга хэмжээ цахимд шилжсэн болохоор математикийн олимпиадаа онлайнаар аль ч улс орноос оролцож болохоор явуулсан. Энэ олимпиадад 600 орчим хүүхэд оролцсон. Тухайлбал, Сүхбаатар, Булган аймгаас болон Япон, Австрали, Швед, АНУ-аас сурагчид оролцсон. Олимпиадын дүнгээс харахад Монголоос оролцсон сурагчид дэлхийн дунджаас хоцрохооргүй сайн байгаа нь харагдсан шүү.

Энэ олимпиадыг өөрсдөө санаачлаад хийж байгаа болохоор ямар нэг байгууллагын болон төр, засгийн санхүүгийн дэмжлэг байдаггүй. Эцэг, эхчүүд хүүхдүүдийн шагналын асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасан. Мөн АНУ-д байгаа монгол хүүхдүүд эх хэлээ мэдэхгүй байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Тиймээс монгол болон англи хэлний олимпиад зохион байгуулахаар бодож байгаа.

Надаас өөр монгол хүмүүс ч бас АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг авч байсан

-Өөрийн тань сайн дураар эхлүүлсэн ажил АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн гэсэн?

-Би өөрөө ч мэдээгүй. Гэнэт “"Tsahim Urtuu North America" ТББ-аас тодорхойлоод АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит "President's Volunteer Service Award" шагналыг олгохоор боллоо” гэсэн баярт мэдээг дуулгасан юм. Уг шагналыг "American Mongolian Association"-аас надад гардуулж өгсөн бөгөөд Ерөнхийлөгч Жо Байдены гарын үсэгтэй Цагаан ордны захиа, гэрчилгээ, энгэрийн тэмдэг дагалдаж ирсэн.

Уг шагналыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн үеэс анх олгож эхэлж байсан юм билээ. Тухайн жилдээ олон нийтийн ажилд хамгийн идэвхтэй оролцсон байгууллагыг урамшуулж өгдөг шагнал юм байна. Энэ шагналыг авч байгаадаа үнэхээр их баярласан. Надаас өөр монгол хүмүүс ч бас энэ шагналыг авсан байдаг.

Ээж маань “Харвардад сураарай” гэж хэлдэг байсан

-Өндөр хөгжилтэй улс орнуудад ажиллаж буй монголчуудын хувьд өндөр цалинтай ажил хийх зорилготой байдаг юм билээ. Өөрийн тань хувьд Харвардын их сургуульд элсжээ. Ямар мэргэжлээр элссэн бэ?

-Ээж маань “Харвардад сураарай” гэж хэлдэг байсан. Энд ирээд олон жил ажилласан болохоор сурах зорилгоо үргэлжлүүлэх боломж гарч ирсэн. Ингээд ээжийнхээ хэлснийг бодоод Харвардад сэтгэл судлал мэргэжлээр элссэн. Есдүгээр сарын нэгнээс хичээлдээ онлайнаар явж эхэлсэн.

Матери анхдагч уу, оюун ухаан анхдагч уу гэдгийг материаллаг талаас нь харж болж байна, харин оюун ухаан талаас нь судлах шийдэлд хүрээд сэтгэл судлалын чиглэлээр сурахаар сонголт хийсэн юм.

-Ээжийнхээ мөрөөдлийг олон жилийн дараа биелүүлэх гэж байгаа юм байна. Ойрын хугацааны тань төлөвлөгөөнд Монголдоо очиж амьдрах бодол бий юу?

-Сошиал сүлжээтэй, хаанаас ч оролцоод явчихаж байгаа болохоор Монгол руу дуу хоолойгоо хүргэхээр заавал биеэрээ явах шаардлагагүй болчихож. Энд гэр бүлийнхэн байгаа болохоор хүүхдүүдээ өсгөөд байж байхад илүү амар, буруудахгүй санагдаж байгаа.

Америкчуудыг харахад технологи ирээдүйг чиглэсэн гол шинжлэх ухаан болж байна. Монголд олон жилийн түүх, уламжлал, соёл иргэншил байна.

Энэ хоёрын огтлолцол дээр уламжлал, технологийг хослуулах замаар ажиллаж, амьдарвал зүгээр юм байна гэж бодоод цахилгаан морин хуур хийж үзлээ. Бас борцоо санаад хийж үзээд, хийх аргыг сошиал орчинд тавьсан нь олон хүнд хүрэх шиг болсон.

Энд байгаа монголчууд бол цагаач биш жинхэнэ монголчууд. Айл болгон Монголынхоо далбааг тулганыхаа дээр залдаг Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг. Мөн бусад улс орноос ирсэн цагаач нартай харьцуулаад үзэхэд спорт, урлаг, оюун ухаанаар илүү, эх орноо гэсэн сэтгэлтэй. АНУ-д байгаа монголчууд ажлаа сайн хийдэг. Монгол хүүхдүүд ч сайн орчинд өсч торниж байна.

Америкт монголчууд сард дунджаар 5,000-10,000 ам.долларын цалинтай ажил хийдэг

-АНУ-д байгаа монголчууд ажлаа сайн хийдэг, ачаа тээврийн салбарт толгой цохиж байгаа гэсэн. Мөн Монголын үндэсний баяруудаар ачаа тээврийн салбарт нь саатал гардаг гэж сонссон?

-АНУ-д олон монгол хүн ачаа тээврийн салбарт ажиллаж байгаа. Мөн машин тээвэр гэж бий. Тухайлбал, “Tesla”-аас гарсан машинуудыг арав, арваар эвлүүлж, өрж ачаад тараагаад явдаг. Маш өндөр хариуцлагатай ажил учир цалин нь өндөр. Америкт хэдий чинээ өндөр хариуцлагатай ажил хийнэ төдий чинээ цалин сайн өгдөг. Машин тээвэрлэх салбарт олон монгол хүн ажиллаж байна.

Нэг удаа Цагаан сарын баярын амралтаар машин тээврийн салбар нь доголдоод, үнэ өртөг нь нэмэгдсэн тохиолдол гарч байсан.

Чикаго хотод албан бус тоогоор 8,000 орчим монгол хүн байдаг. Энд байгаа монголчуудын ихэнх нь такси үйлчилгээ, хоол хүргэлт, ачааны машин жолоодох ажил хийдэг. Үнэлгээний хувьд ачааны машин жолоодох нь аль хот руу явахаас шалтгаалаад хамгийн багадаа 5,000-6,000 ам.долларын цалин авдаг.

Шатахуун тээврийн машины жолооч нар сардаа хамгийн дээд тал нь 30,000 ам.долларын цалин авч байсан гэж ярьдаг. Ер нь монголчууд сард дунджаар 5,000-10,000 ам.долларын цалинтай ажил хийдэг.

-Өөр хийж үзсэн сонирхолтой ажил юу байв?

-Цаг уурын бөмбөлөг гэж байдаг. Үүнийг ашиглаад найз нөхөд, гэр бүлийн хүрээнд Монголын тугийг хамгийн өндөрт хөөргөж үзсэн. Бөмбөлөг дотроо хөөсөнцрөөр хиймэл дагуулын хэлбэртэй бортгонд камер зоогоод компьютерт программчлан, хянаад хөөргөсөн юм. Ингэхэд 110,000-120,000 фийт хөөрөөд тариалангийн талбайд буучихсан байсан. Хоббигоороо хоёр дахиа хөөргөчихсөн.

Одоо гурав дахь удаагаа хөөргөж үзнэ. Үүнээс монгол залуучууд нэгдээд аливаа юмыг хийж чаддагийг харуулж, омогшсон.

-Тантай ярилцахад Монгол Улсаа гэсэн асар их сэтгэл мэдрэгдлээ. Гэхдээ ойрын хугацаанд Монголдоо очиж амьдрах төлөвлөгөө байхгүй гэж санагдсан. Ийм шийдвэр гаргахад юу нөлөөлж байна?

-Миний анзаарсан юм бол хоёр орны хөгжлийн ялгаа. Хөгжлийн ялгаа нь хаана байна вэ гэхээр хүн амын тооноос их болдог юм байна. Ямар нэг асуудал гарахад Монголд бол "за энийг яахав, яахав" гэж байхад Америкт 300 сая хүний хэн нэгнээс нь ямар нэг шийдэл гарчихсан байгаа юм. Жишээ нь, “Энд тохирох жижиг бүтээгдэхүүн олдохгүй дээ” гэхэд л хаа нэг газар хийчихсэн байдаг. Олон хүнтэй учир хөгжил нь хурдан байдаг юм байна гэж харсан.

Бид гурван сая хүнтэй болохоор хөгжлийн хурдны хувьд гүйцэж ирэх боломж байхгүй. Өөр хувилбараар хөгжвөл гэж боддог. Монголд очиход их удаашраад байгаа нь анзаарагддаг.

“Фэйсбүүк”-ээр Монголтойгоо холбогдоод, Америктаа байя гэсэн бодолтой байгаа.

-Ярилцсанд баярлалаа.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү