О.Ганбат: Автомашины тоо хурдтай нэмэгдвэл замын хөдөлгөөний тэг зогсолт хийхэд ойрхон байна

Цагдаагийн ерөнхий газрын 

-Тээврийн цагдаагийн албаны даргатай нүүр тулж уулзаж байгаагийнх асуулт мөн ч их байна даа. Юуны түрүүнд та байгууллагынхаа чиг үүргийг тодорхойлж хэлэхгүй юу?

-Товчхон хэлэхэд, Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. Үүний дагуу Тээврийн цагдаагийн алба нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хууль, бусад хуульд заасан эрх, үүргийн хүрээнд холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах, замын хөдөлгөөнд хяналт тавих, нисэх онгоц, төмөр замын өртөө буудалд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих  ажлыг хэрэгжүүлэн ажилладаг. Цаашилбал, орон нутгийн авто замд гарч байгаа осол аваарын улмаас хүний амь нас хохирч гэмтэх асуудлыг багасгах, нийслэл хотод иргэдийг ихээр бухимдуулж байгаа замын түгжрэлийг бууруулах гэсэн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Улсын хэмжээнд зам тээврийн осол хэргийн гаралт, нөхцөл байдал, зохион байгуулж байгаа ажил, хяналт шалгалтын үр дүн ер нь ямар байгаа вэ?

-Үүнд одоо албан тоогоор л хариулах нь миний үүрэг дээ. Та нар залхах байх даа, өөр арга алга. Энэ оны эхний 8 сарын байдлаар иргэдээс 40 орчим мянган зам тээврийн осол хэргийн дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Эдгээрээс 12190 зам тээврийн осол,  хэрэг бүртгэгдэж, хэргийн улмаас 179 хүн амь насаа алдаж, 1372 хүн хүнд, хөнгөн  хэлбэрээр гэмтсэн тоон мэдээтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн  осол, хэрэг 13.8, амь насаа алдсан хүний тоо 94 нэгжээр буюу 34.4, гэмтсэн хүний тоо 22.7 хувиар тус тус буурсан. Ковидын хязгаарлалт эхлээгүй байх үе буюу 2019 оны 7,8 дугаар сарын нөхцөл байдлын мэдээг энэ оны тухайн саруудтай харьцуулахад гэмтсэн хүн 39.7, амь насаа алдсан хүн 50 хувиар, 2020 оныг мөн хугацаатай харьцуулахад гэмтсэн хүн 14.0, амь насаа алдсан хүн 31.1 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарсан байна. Гарсан хэргийн голлох шалтгаан болсон хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд цагдаагийн байгууллагаас тавих хяналт шалгалтыг чангатгаж, энэ ажилд ялангуяа орон нутгийн нийт алба хаагчид маань жилдээ нэг удаа оногддог ээлжийн амралтаа хойшлуулан байж хичээл зүтгэл гаргаж ажилласны үр дүн юм.

-Энэ зуны орон нутгийн замын хөдөлгөөн урьд урьдынхаас онцгой их байсан биз?

-Ярих юмгүй их байлаа. Төв суурингаас иргэд маань маш их гарсан. Гадаадад амьдарч байсан олон иргэд эх орон, элгэн садандаа ирсэн, удаан хугацаанд хөл хорионд байсан иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутгийг зорьж орон нутгийн замын ачааллыг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүллээ. Нийслэл тойрсон товчоодын тоон мэдээг  өмнөх онтой харьцуулалт хийхэд орж гарсан тээврийн хэрэгсэл даруй 100 мянгаар нэмэгдсэн байна. Ийм хэмжээний хөдөлгөөний эрчим нэмэгдсэн үед зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 34.4 хувиар буурсан нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд  томоохон үр дүн гэж харж байгаа. Осол аваарын ард өнчрөл хагацал, өвчин шаналал, эд материал, сэтгэл санааны хохирол, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл гээд олон асуудлууд учирдаг гэдгийг хэн хүнгүй ойлгодог байх. Ер нь хүний амь нас хохирсон осол хэргийн 74 хувь нь орон нутгийн автозамд гарч байна. Цагдаагийн байгууллагаас нэг ч болов иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор улсын чанартай автозам дагуу байгаа бүх сумдын цагдаа, хэсгийн төлөөлөгч нарыг цагийн хувиарын дагуу авто зам дээр ажиллуулж хурд хэмжих, хяналт шалгалт хийх үүрэг чиглэл өгч Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас "Цагийн менежмент"-ийн хуваарь баталж, хэрэгжүүлсэн нь хүний хүчээр хяналт шалгалтыг эрчимжүүлэх, осол хэргийг бууруулах томоохон зохион байгуулалтын ажил болсон. Жишээлбэл 50 дахь км-ийн хяналтын цэгээс нэг ээлж буухад 100 дахь км-т дараагийн ээлжийн хяналт эхлэх хэлбэрээр өртөөчлөн 24 цагаар орон нутгийн автозамыг  байнгын хяналтад авсан гэсэн үг.

Та бүхэн хөдөө орон нутгийн замд аялж, амарч явахад анзаарсан бол зарим аймгийн цагдаа нар нойр сэргээх, биеийн хөшөөг гаргах дасгал хөдөлгөөн хийлгэж, хурд хэтрүүлсэн зөрчил дээр хариуцлага тооцсон асуудлыг сошиалаар сайн муугаар шүүмжилсэн байдаг.  Нөгөө япон ардын "Унтаж байгаа хүн бүдэрдэггүй" гэдэг онч үг байдагдаа. Тэгвэл шүүмжлэл байна гэдэг нэг талдаа алба хаагчид маань алдаа оноотой ч ажлаа хийж, нөгөө талдаа хичнээн хүнийг бүдрэхээс сэргийлсэн болдоо гэж дүгнэж байгаа.

Замын хөдөлгөөний дүрэмд хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглохоор зарим тээврийн хэрэгслийн онцлогоос хамаарч хурдыг ялгамжтай заасан байдаг. Яахав, туулах чадвар сайтай автомашин хөлөглөсөн хүнд 80 км цаг удаан мэт боловч жолоочийн хариу арга хэмжээ авах самбаачлах хугацаа, автомашины нэгж хугацаанд туулах зай, замын нөхцөлтэй уялдуулан аюул тохиолдсон үед хамгийн хохирол багатай байх, аюулгүй байдлыг харгалзан хурдыг тогтоож дүрмээр баталсан хэрэг. Өөрөөр хэлбэл иргэдийн аюулгүй зорчих эрх ашгийг илүүд үзжээ. Гэтэл жолооч нар өнөөдрийн зорчиж байгаа зам, замын өргөн, тэмдэг тэмдэглэл, эвдрэл гэмтэл, засвар арчлалт, гэрэлтүүлэг, жолооч, зорчигч нарын замын хөдөлгөөнд оролцож байгаа соёл, аюулгүй байдлын хувьд гадаад улс орны нэгэн адил хурдыг нэмэгдүүлэх боломжтой билүү гэдгийг бодолцдоггүй. Тууш замын хөдөлгөөний хурдаас ч илүү хурдаар  давхих нь бий.

-Цагдаагийн алба хаагчдыг нуугдаж хурд хэмждэг гэх мэдээлэл цахим орчинд нэлээдгүй бичигдсэн байдаг?

-Энэ асуудал дээр иргэдийн зүгээс хурд хэтрүүлэх нь ямар хор хөнөөлтэйг ойлгосон, бусдадаа анхааруулсан, зөвлөсөн сэтгэгдэл зонхилж байсанд талархаж байгаа. Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байхад гэрлээр дохиж бусадтай болгоомжтой явах, хяналт шалгалт байгааг анхааруулах, гүйцэж түрүүлэх боломжгүй талаар мөн л дохио өгч анхааруулж байгаа нь хөдөлгөөнд оролцох соёлыг нэмэгдүүлж, осол аваараас урьдчилан сэргийлэхэд нөлөөлөл болж байгаа. Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд “алба хаагч замын хөдөлгөөнд хяналтыг биечлэн болон хяналтын төхөөрөмж ашиглаж, ил буюу далд хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсаар ирсэн. Ийм аргыг дэлхийн олон оронд хэрэглэгддэг. Жишээ нь, өндөр хөгжилтэй Австралийн цагдаа нар хурд хэтрүүлсэн жолооч нараа илрүүлэхийн тулд бут сөөг, барилга байгууламжийн  ард нуугдах тохиолдол байдаг. Японд үүнтэй адил аргаар зөрчлийг илрүүлдэг бөгөөд  энэ аргаа “хулгана барих ажиллагаа” гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл хурд бол үхэлд хүргэдэг гэсэн үг.

Цаашид хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилтэй эвлэрэхгүй, хяналт шалгалтыг эрчимжүүлж энэ төрлийн зөрчилтэй хатуу тэмцэнэ гэдгийг хэлэх байна. Алба хаагчдын ажлын үзүүлэлтийг дүгнэхдээ зөрчлийн тоо, торгуулийн дүнгээр үнэлэхгүй, энэ хоёр төрлийн зөрчилд тавьж байгаа хяналт, шалгалт түүнээс гарч байгаа үр дүнгээр үнэлнэ. Мөн торгуулийг урьтал болгохоос илүүтэй сануулах, анхааруулах асуудлыг эрх зүйн зохицуулалтад оруулахаар Хууль зүйн яаманд санал хүргүүлээд байгаа. Одоогийн хууль дүрэмд сануулах заалт байхгүй. Тийм учраас бид хууль, дүрэм  журам зөрчиж сануулж болохгүй байгаа. 

Нэмж хэлэхэд, хоногтоо улсын хэмжээнд 70-80 орчим согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил тогтмол гарч, улмаар хүний амь нас эрүүл мэндэд занал хийж байгаа. Согтуу жолооны ард суусан хүнийг хутга барьсан алуурчинтай адилтгаж үздэг. Тиймээс л бид энэ зөрчилтэй эвлэрэхгүй.

Үүний үр дүнд зам тээврийн осол хэргийн гаралт, нас баралт, гэмтэл буурч байгааг миний өмнө хэлсэн тоо баримтаас харж болно. Иргэдийн хувьд хяналттай үед дүрмээ биелүүлээд хяналтгүй үед дүрэм зөрчөөд явдаг асуудал байж болохгүй, энэ нь өөрийн болоод бусдыг эрсдэлд оруулна гэдийг ухамсарлах хэрэгтэй.

-Нийслэлийн хөдөлгөөний ачаалал, хөдөлгөөнд оролцогчдын соёл, нөхцөл байдлыг дүгнэхэд ямар байна?

-Нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар түвшинд байгааг надаар хэлүүлэлтгүй иргэд маань сайн мэдэж байгаа. Нийслэлийн засаг даргын захирамжаар улсын дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг хийж ирсэн. Удахгүй оюутан сурагчдын хичээл энэ сарын 13-наас эхэлж, ачаалал тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Хотын замын хөдөлгөөний түгжрэлд олон хүчин зүйл нөлөөлж байгааг мөн л иргэд ойлгож байгаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хүн-автомашин-зам-орчин гэсэн системийн нөлөөлөл чухал байдаг. Яг үүнтэй адил өнөөдрийн нийслэл хотын замын ачаалал түгжрэл, сааталд эдгээр хүчин зүйлийн нөлөөлөл шууд хамааралтай. Бид нэгдүгээрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ, хоёрдугаарт замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн багасгах вэ гэдэг асуудлын өмнө зогсож байна.

Энэ хоёр асуудал хоорондоо харилцан хамааралтай. Таны асуусан хүнтэй холбоотой хөдөлгөөнд оролцогчдын ухамсар, соёлын нөлөөлөл, дээр нь тээврийн хэрэгслийн техникийн  бүрэн бүтэн байдал, зам, замын байгууламж, хот, суурин газрын төлөвлөлт, байгаль цаг уурын нөхцөл зэрэг олон асуудлууд аюулгүй байдал, хөдөлгөөний ачаалалд шууд нөлөөлдөг.

Автомашин болон замын байгууламж бол инженерийн шийдлээр хийгддэг. Ингэж хийгдэхдээ тээврийн хэрэгслээр зорчигч, явганаар хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангахад чиглэдэг.

Олон улсад түгжрэл саатлыг багасгах, хөдөлгөөний дундаж хурдыг нэмэгдүүлэх зорилгоор давхар түвшний огтлолцолгүй зам, замын байгууламжийг барихдаа хийцийн хэсэгт хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд түлхүү анхаарахын зэрэгцээ нийтийн тээврийг дэмжих, хөдөлгөөний сахилга соёлыг төлөвшүүлэх бодлого барьдаг. Сүүлийн жилүүдэд нийслэлд хийгдэж байгаа давхар түвшний зам, явган хүнд зориулсан гүүрэн болон нүхэн байгууламжууд нь тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнийг тусгаарлаж, тэдгээрийн огтлолцлыг багасгаж аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээс гадна түгжрэл саатлыг  багасгахад шууд нөлөөлөх ажлуудын нэг гэж үзэж болно.

Иргэдийн ухамсар, соёл хандлага өөр болж байгааг хэлэх хэрэгтэй. Манай иргэд бие биедээ хүндэтгэлтэй ханддаг болсноос гадна дүрэм зөрчсөн нэгэндээ бодит шүүмжлэл хэлдэг болсон. Ялангуяа дүрэм зөрчиж, зүй бус үйлдэл гаргаж байгаа асуудалд шүүмжлэлтэй хандаж, тухайн буруу үйлдлийг баримтжуулан нийгмийн цахим сүлжээнд байршуулж байгаа нь хотын соёлыг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигч, тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдийн соёл, хандлагад нийгмийн хөгжлийг дагаад ахиц гарч байгаа хэдий ч хүссэн хэмжээнд хүрэхгүй л байна.

-Таны хувьд иргэдийн хөдөлгөөний соёлд сэтгэл дундуур байгаа юм аа даа?

-Мэдээж дээр дурдсан  замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхэд тээврийн хэрэгслийн тоо, авто замын ачаалал даах чадвар, авто зогсоолын хүрэлцээ, хот төлөвлөлт, хөдөлгөөнд оролцогчдын замын хөдөлгөөнд оролцох соёл гээд олон хүчин зүйлийн нөлөөлөл бий.

Бид холбогдох байгууллагуудтайгаа ярилцаж зөв гарц гаргалгаагаар шийдвэрлэхээр хаа хаанаа л ажиллаж байна. Энэ уг нь их энгийн л дээ. Жолооч, явган зорчигч, тээврийн хэрэгслээр зорчигч гээд  хэн нь ч ялгаагүй замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамаарх заалтыг судалж, бас эрх үүргээ ухамсарлаж өөрийн дураар биш замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримталж замын хөдөлгөөнд оролцоорой л гэсэн үг. Эндээс бид иргэдийг замын хөдөлгөөнд яаж соёлтой оролцуулах вэ гэдэг асуудалд анхаарах нь чухал. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагааны чанарт ч анхаарах асуудлууд ч байгаа гэдгийг хэлэх байна. Түгжрэл, зам тээврийн осол хэрэг гээд гарч байгаа асуудлуудад нийслэлийн иргэдийн оролцоо чухал төдийгүй 1,5 сая хүн амтай их хотод амьдарч буй иргэн бүр хотын соёлд суралцаж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэг болчихвол тэр хэмжээгээр хөдөлгөөний ачаалал бууруулахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.

-Цаашид нийслэлийнхний толгойны өвчин болсон  түгжрэлийг хэрхэн бууруулах вэ?  Нийслэлийн гудамж замд танай байгууллагын хэчнээн алба хаагч хөдөлгөөн зохицуулж ажиллаж байгаа вэ?

-Иргэдийн автомашин худалдан авах эрэлт хэрэгцээ өсөж, жилдээ 50-60 мянга орчим тээврийн хэрэгсэл манай улсад импортоор орж ирж байгаа, авто машины тоо хурдтай нэмэгдвэл замын хөдөлгөөний тэг зогсолт хийхэд ойрхон байна.    

Оргил цаг буюу ажил эхлэх, тарах цагуудад тээврийн хэрэгслийн хурд удааширч 8 км цаг хурдтай явж байгаа тооцоо байна. Гэтэл явган хүн 5 км цагийн хурдтай алхдаг гээ биз дээ. Түгжрэлийн өртгийг мөнгөн дүнгээр тооцвол, өнгөрсөн 10 жилд 11.8 их наяд төгрөгт хүрч, нийт бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоо судалгаа хийсэн байдаг. Энэ бол эдийн засаг талаас нь тооцсон байх. Эрүүл мэнд, гэр бүлдээ зарцуулж байгаа цагийг тооцвол өөр дүн гарах байх. Тухайлбал, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 18 цагаас өмнө оройн хоолоо идэхийг зөвлөж буй. Гэтэл  ажлаа тараад 2-3 цаг түгжирч гэртээ хариад оройн хоолоо хэдэн цагт идэх вэ? Ингэснээр хүний бие эрхтэн эрүүл саруул байж чадах уу? гэх мэт асуудлууд байгаа юм. Нийслэлийн иргэдийн дунд явуулсан судалгааны дүнг үзвэл 85 хувь нь түгжрэл дээд цэгтээ хүрсэн, 76 хувь нь түгжрэлийг шийдэх зоригтой алхам хийх цаг болсон гэж үзсэн.

Нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл саатлыг багасгахад чиглэсэн олон ажил арга хэмжээг авч байгаагаас гадна МУ-ын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс бодлогын шийдвэрүүдийг гаргаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалж буй “Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо” анхны хуралдаанаа хийж Улаанбаатар хотын төвлөрлийг зохицуулах нэгдсэн хөтөлбөрийг танилцуулаад байна. Уг хөтөлбөрт автозамын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал тусгасан. Иргэд энэ тухай мэдээллийг цахим сайтуудаас авах боломжтой. Удахгүй дунд болон урт хугацааны шийдлүүдээ танилцуулахаар төлөвлөөд байгаа. Миний бие энэ ажлын хэсэгт орж ажиллаж байгаагийн хувьд холбогдох саналуудыг оруулахаар мэргэжилтнүүдийн хамт ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөний ачаалал үүсэж байгаа оргил цагуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дундаж хурдыг нэмэгдүүлэх, 20 ба түүнээс дээш километр цагийн хурдад хүргэхэд анхаарч техникийн болон хүн хүчний оролцоотойгоор хөдөлгөөн зохицуулах, хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр  Цагдаагийн ерөнхий газрын хэмжээнд төв конторт ажилладаг алба хаагчдаа гудамж талбайд гаргаж замын хөдөлгөөнд зохицуулалт хийсний үр дүнд түгжрэл үүсээгүй. Энийг иргэд маань анзаарсан байна лээ. Тэгэхээр хүний хүчээр хөдөлгөөн зохицуулах боломж байгааг харуулж байгаа юм. Гэтэл нийслэлд ачаалал байнга үүсдэг цаашид ачаалал үүсэж болзошгүй 160 гаруй уулзварыг бүрэн хяналтдаа авч чадахгүй өдөртөө 200 орчим алба хаагч 2 ээлжээр ажиллаж зөвхөн 80 орчим уулзварт хяналт тавьж байна. Дээрх нөхцөлөөс үзэхэд цаашид орон тоог нэмэх шаардлага байгаа юу гэвэл байгаа хэдий ч нөгөө нэг шийдэл нь  замын хөдөлгөөн зохицуулах үйл ажиллагаанд хүний оролцоог багасгаж техникийн дэвшлийг нэвтрүүлэх тухайлбал, өөрөө статистик  мэдээллээ боловсруулдаг, хөдөлгөөний ачааллыг тооцож уулзвар нэвтрэх зохицуулалтыг өөрөө хийдэг ухаалаг гэрлэн дохио, мөн зөрчил илрүүлэх ухаалаг хяналтын камерын системийг нэвтрүүлснээр иргэдийн зүгээс цагдаагийн алба хаагч нар гэрлэн дохиотой уулзварт зохицуулалт хийж, өөрсдөө түгжрэл үүсгэдэг гэдэг гэсэн өрөөсгөл ойлголтыг өөрчилж, зөрчлийг бүрэн хянаж, алба хаагч биеэр зохицуулалт хийж байгаа үйл ажиллагааг багасгах боломжтой. 

-Дээрх хариултаас харахад танай алба сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх чиглэлд  анхаарч тодорхой ажлыг хийж байна гэж ойлгох уу?

-Дэлхий нийтээрээ аж үйлдвэрийн IV хувьсгал буюу дижитал шилжилтийн талаар ярьж байна. Монгол орны хувьд өргөн уудам нутагтай, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, хавартаа шороон шуурга ихтэй гэх мэт байгаль цаг уурын хүнд нөхцөлд тохирсон технологийн шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр Хууль зүйн сайдаас өгсөн үүргийн хүрээнд ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад нэгдсэн удирдлагын төв /нэгдсэн платформ сервер тоног төхөөрөмж/-ийг бий болгох, орон нутгийн хатуу хучилттай авто замын дагуу байрлах байнгын 62 хяналтын пост, мөн цагийн менежменттэй ажиллаж байгаа 109 цэгт хурд хэмжиж зөрчил илрүүлэх теле хяналтын камер суурилуулах, Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зэрэг хэд хэдэн ажлыг хийхээр төсөл боловсруулж яаманд хүргүүлээд байна. Ингэснээр зам тээврийн осол хэргийн улмаас иргэдийн амь нас эрүүл мэнд хохирч байгаа тохиолдол 50 хувиар буурах, замын хөдөлгөөний оролцогчдын гаргаж байгаа зөрчлийн илрүүлэлт 10 дахин нэмэгдэх, гудамж замын хяналт, зохицуулалт хийж байгаа алба хаагчдын ажлын ачаалал 2-4 дахин буурах зэрэг олон эерэг үр дүнд хүрнэ гэж тооцож байгаа. 

Улсын хэмжээнд камерын хяналтын 36 орчим саланги систем ашиглагдаж байна. Саланги гэдэг нь өөр хоорондоо таарч нэгдсэн системд холбогдох боломжгүй гэсэн үг. Тэгэхээр эдгээр нь нэгдсэн удирдлага зохион байгуулалтгүй байна гэж ойлгож болно. Бид эдгээрийг цэгцэлж цогцоор шийдвэрлэх асуудал дээрх төсөлд тусгагдсан.

Нийслэл хотын хэмжээнд зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил илрүүлэх, бүртгэх, хяналт тавих нэгдсэн системийг хэрэгжүүлэхээр тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим гэрчилгээ (RPID)-нд шилжүүлэх, Улаанбаатар хотын 161 уулзвар нэгдүгээр эгнээ, явганы гарц, гэрлэн дохионы систем, зөрчил илрүүлэх хяналтын камерыг өөрчлөх зэрэг  тодорхой чиглэлийн ажлуудыг хийх хэрэгцээ шаардлага байна.

Дэлхийн олон хотууд 180.000-500.000 камер ашиглаж, замын хөдөлгөөнийг зохицуулах ажилд хиймэл оюун ухаан, дэвшилтэт техник, технологийг ашиглаж байна. Бидний судалгаагаар нийслэлийн 6 дүүрэгт одоо байгаа 1800 гаруй байршилд явган хүний гарц, гарамтай замын хэсгүүдэд хяналтын камер тавьснаар аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж хяналт тавих боломжтой болно. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөнийг орчин үеийн дэвшилтэт техник  технологи, хиймэл оюун ухаанд суурилсан гэрлэн дохио, теле камерын ухаалаг системийг ашиглан хянах шаардлага аль хэдийн бий болсон гэдгийг хэлэх байна.

-Цагдаагийн алба хаагчид биет зохицуулалт хийх, хайс хашлага тавих түгжрэл сааталд өөрсдөө нөлөөлдөг гэсэн яриа иргэдийн дунд байдаг.  Тухайлбал: Олимпын гүүрний урд талын “Home plaza” төвийн арын замд хаасан хашлага хэзээ нээгдэх вэ?

-Алба хаагчид маань замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагааг явуулж байгаа. Ялангуяа түгжрэл саатлаас хамааран үүрэг гүйцэтгэж байгаа уулзвараас гадна хэд хэдэн уулзварын нөхцөл байдлыг үнэлж ачааллын талаар мэдээлэл солилцох, камерын хяналтын системтэй уялдуулан аль хэсгийг нэтврүүлэх вэ гэдгийг удирдлагаас гаргасан шийдвэрийн хүрээнд биет зохицуулалт хийж хөдөлгөөний тэнцвэрт байдлыг хангадаг.

Жолооч, зорчигчид энэ нөхцөл байдлыг үнэлэхээс илүү өөрийн явж байгаа тухайн орчимд дүгнэлт хийж, хэд хэдэн уулзвар гарц дамнан үүссэн түгжрэл саатлын улмаас өөртэй нь адилхан жолооч хэдэн уулзварын цаана түгжрээд зогсож байгааг ойлгодоггүйгээс  бухимдаж алба хаагчдыг буруутган өөрөө бусдаас түрүүлж нэвтрэх зорилгоор дүрэм зөрчин бусдын хөдөлгөөнд саад учруулж хөдөлгөөний ачааллыг улам нэмэгдүүлдэг. Мэдээж энэ нь дийлэнх хувь бус цөөн тооны жолооч нарын хувьд илэрдэг зөрчил юм.  Нөхцөл байдлыг харьцангуй зөв үнэлж дүрмээрээ хөдөлгөөнд оролцогчдын тоо нэмэгдэж байгааг бас хэлэх хэрэгтэй.

“Home plaza” төвийн хувьд тухайн орчимд 6-7 хөдөлгөөний огтлолцол бүхий уулзвар, гарцууд байгаагаас зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, нэвтрүүлэх чадварыг бууруулж байгаа. Тиймээс  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс баруун чиглэлд тойрох хөдөлгөөнөөр оролцох зохицуулалтыг хийж замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахаар түр хугацаанд авсан арга хэмжээ юм. Энэ талаар манай албанаас бэлтгэсэн дүрст мэдээлэл цахим сайтуудад тавигдсан тул иргэд тодорхой ойлголт авах байх. Одоо уг уулзварыг нээсэн байгаа.

-Замын цагдаагийн алба хаагчдын  ёс зүй, харилцаа хандлагад иргэд шүүмжлэлтэй ханддаг. Алба хаагчдын харилцаа, хандлагыг өөрчлөх, сургалт соён гэгээрүүлэх чиглэлд ямар арга хэмжээ зохион байгуулж байна?

-Замын цагдаагийн алба хаагч бол тухайн улс орны нүүр царай болж, өдөр тутамдаа иргэд олон нийтийн хараан доор үйл ажиллагаа нь явагддаг. Ялангуяа зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хувьд, энэ хэмжээгээр тэдний мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, бие хүний харилцаа хандлага өндөр байх ёстой гэж үздэг.

“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоож, алба хаагчдын ажлын ачаалал их байсан хэдий ч сургалтын үйл ажиллагаа, мэдээ мэдээлэл хүргэх ажлыг цахимаар зохион байгуулж ирлээ. Алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас сүүлийн жилүүдэд “Өнгө нэмцгээе”, “Харилцаа хандлага” зэрэг аяныг тодорхой үе шаттай зохион байгуулж нэлээдгүй ажил, арга хэмжээг явуулж байна. 

Байгууллагын хэмжээнд энэ онд гэхэд JCI олон улсын байгууллагатай хамтран алба хаагчдын мэдлэг боловсрол, сахилга ёс зүй, харилцаа хандлага, удирдлагын манлайллыг дээшлүүлэх зорилгоор үргэлжилсэн сургалтыг  зохион байгуулж төв, орон нутгийн мянга гаруй алба хаагчийг хамруулсан нь үр дүнд хүрч байна гэж үзэж байгаа.

Цаашид ч алба хаагчдын харилцаа хандлагыг сайжруулах, иргэд алба хаагчдын хоорондын харьцаанаас үүдэлтэй асуудлыг арилгах, зөрчил дутагдал гаргахгүй байх тал дээр тодорхой үр дүнд хүрэхийг зорин ажиллаж байна.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр манай алба хаагчдын хэрэгжүүлсэн ажил, харьцаа хандлагын талаарх мэдээ, мэдээлэл цахим орчинд тавигдахад иргэд олон нийтийн сэтгэгдлийн дийлэнх хувь нь эерэг байгаа нь алба хаагчид руу чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх ажлын үр дүн гэж харж байгаа.

Цагдаа бол ард түмний л нэг хэсэг. Иргэдийн зүгээс хариуцлага, үүргийн талаар ухамсарлаж гаргасан зөрчил, үйлдлийн хор хохирол нөлөөлөлд дүгнэлт хийж байх хэрэгтэй болов уу. Тэгэхгүйгээр аливаа асуудалд зөвхөн өөрийн эрхийн хүрээнд хандаж харилцааны зөрчил үүсгэж байгаа нь тухайн алба хаагчид сөрөг нөлөөлөл үзүүлдэг тул хүлээцтэй хүндэтгэлтэй хандаж байхыг иргэдээсээ хүсмээр байна.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү