МУГТ Э.Содномпилжээ паралимпын наадмын аварга боллоо

“Токио-2020” паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ. Монгол Улсынхаа далбааг Токиогийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх хүн нь гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ байв.

Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон тэрбээр хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв.

Үнэндээ манай тамирчин түрүүлэх нь эхний захиалга, эхний өргөлтийн дараа л тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр эхний оролдлогодоо 241 кг-ыг захиалсан нь паралимпын дээд амжилтаас дөрвөн кг-аар илүү байв. Арын өрсөлдөгч нь энэ үед 231 кг-тай байв.

Улмаар Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, түрүүлэх нь үндсэндээ тодорхой болов. Тэрбээр сүүлийн оролдлогоороо өөрийн дээд амжилт болох 247 кг-ыг ахиулж, 248-ыг захиалсан ч өргөлтийг тооцоогүй. Ийнхүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөсөн амжилтаар паралимпын наадмын аварга боллоо. Тэрбээр арын тамирчнаас найман кг илүү өргөжээ.

Өмнө нь Монголын тамирчдаас Д.Баатаржав 2008 оны паралимпод түрүүлж байсан билээ.

 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү