Коронавирусний халдвар авч, өвдөөд эдгэсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээний зөвлөгөө өгнө

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр цахимаар болж, коронавируст халдварын эсрэг вакцины гуравдугаар тунг хийх эсэх, ковидын эмчилгээнд ашиглаж буй эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлэлт болон эмнэлгийн тусламжийн багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүд дэх хяналт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Вакцины гурав дахь тунтай холбоотой шинжлэх ухааны судалгааны үр дүн аргачлалыг хийж, ирэх сарын 20-ны дотор Улсын онцгой комисст танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Эрүүл мэндийн яам болон холбогдох албан тушаалтнуудад дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм тариа эмнэлгийн хэрэгслийн 30 хоногийн нөөц бүрдүүлэхийг даалгаад иргэд, өвчтөнүүд гаднаас, гэрээсээ эм тариа авчирдаг байдлыг ирэх сарын 1-нээс таслан зогсоох ёстой гэдгийг анхааруулав.

Мөн коронавирусний халдвар авч, өвдөөд эдгэсэн хүмүүст зөвлөмж үйлчилгээ хангалтгүй байна. Иймд нөхөн сэргээх эмчилгээний  зөвлөгөө өгөх ажлыг нийслэл,  орон нутаг, сум, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн зохион байгуулахыг үүрэг болголоо.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч буй зорчигч болон ачаа тээврийг ариутгах, халдваргүйжүүлэх орчныг бүрдүүлэн ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үүрэг болголоо.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү