“Токио-2020” олимпын эргэн тойронд...

Японы парламентын шинэ чуулган дээр Ерөнхий сайд Ё.Суга нь хойшлогдсон наадмыг заавал зохион байгуулах түүхэн үүрэгтэй гэдгээ дурдаад, цар тахлыг хяналтдаа авч, фронтын тэргүүн шугамд ард түмнийхээ хамт зүтгэх болно гэдгээ мэдэгдэв. "Токио-2020 олимп руу урагшилдгаараа л урагшилна" гэж түрүүчийн долоо хоногт мэдэгдсэн Японы захиргаа, шинэтгэлийн сайд Т.Коно нь хурц байдлыг даван туулах “КОВИД-19” вакцин эрхэлсэн сайдаар томилогдов. Ирэх сарын сүүлчээр Японд вакцинжуулалт эхэлнэ.

Мөн "Токио-2020" олимпыг зохион байгуулагчид нь баг тамирчдыг тухайн тэмцээнээсээ таван хоногийн өмнө олимпын тосгонд нэвтрэхийг зөвшөөрч, тэмцээн дууссаны дараа хоёр хоногийн дотор тосгоноос нэн даруй гарах хатуу дүрэм баримтлахаа мэдэгдээд байгаа.

ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараа ялагдсан, дэд ерөнхийлөгч асан Канадын Д.Паунд, Австралийн К.Госпер нар "Токио-2020" наадам цуцлагдах магадлал өндөр ба 206 орны эрх ашиг хөндөгдөх тул НҮБ-ын оролцоо их чухал талаар дуу дуугаа авалцан мэдэгдэв.

Харин олимпын сэлүүрт завины дөрвөн удаагийн аварга, ОУОХ-ны гишүүн асан Английн М.Пинсент "Токио-2020" олимпыг шууд 2024 он руу шилжүүлж, "Парис-2024"-ийг 2028 онд, Лос-Анжелесийн олимпыг бүр 2032 онд зохион байгуулах тэс ондоо, “этгээд” хувилбарыг санал болгосон ч ОУОХ, "Токио-2020" зохион байгуулах хороо наадмыг хойшлуулахгүй гэдэг хамтарсан мэдэгдлээ дэлхий дахинаа хүргэсэн билээ.

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурлаар энэ асуудлыг нухацтай хэлэлцэнэ. Хамгийн гол нь III сарын сүүлчээр Японы Засгийн газар нь олимпын талаар ямар шийдвэр гаргахаас бүх зүйл шалтгаалах юм.

Ташрамд сонирхуулахад, Наран гүрний парламентын сонгууль энэ оны сүүлчээр болох тул олимп зохиох одоогийн Засгийн газар руу сөрөг хүчний дайралт ихэссээр буй нь ойлгомжтой.

Гэсэн хэдий ч дэлхийн бүх орны тамирчид олимп болдгоороо болно, олимпын медаль авдгаараа авна гэсэн өөдрөг сэтгэлээр бүгд бэлтгэлээ хийж байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү