“Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журам”-ыг баталлаа

Олон улсад эрдэм шинжилгээний байгууллагын санхүүжилтийг төслийн сонгон шалгаруулалтад суурилсан өрсөлдөөнт санхүүжилт болон тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн  тогтмол санхүүжилтээр дэмжин ажилладаг сайн туршлага байдаг. Тогтмол санхүүжилтийг төрөөс тэргүүлэх чиглэлийн судалгаа, хөтөлбөрийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор олгох бөгөөд судалгааны ажлын санхүүжилтийн тогтвортой, бие даасан байдлыг хангахад чиглэсэн байдаг давуу талтай.

Журмын төсөлд эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн судалгааны үндсэн чиглэлийг Засгийн газраас тогтоосон шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улс орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлага, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын чиг хандлагатай уялдуулан тодорхойлж, санхүүжилтийг олгохоор тусгаж өгсөн.

Энэхүү журам батлагдсанаар эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны чиглэлийг оновчтой тогтоон, биет болон биет бус нөөцийн ашиглалт, засаглал, менежмент сайжирч, цаашлаад үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмыг бий болгоход чухал түлхэц болно.

Түүнчлэн эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн судалгааны үндсэн чиглэлд тогтмол санхүүжилт олгосноор дараах үр дүн гарна гэж тооцож байна.

-   Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт арга хэмжээтэй уялдуулан төлөвлөн хэрэгжүүлнэ.

-   Салбар хоорондын болон салбар дундын хамтын ажиллагаа, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдийн уялдаа сайжирч, үр өгөөж дээшилнэ.

-   Материаллаг бааз, лабораторийн орчин бэхжинэ.

-   Судалгаа хөгжүүлэлтийн ажлын санхүүжилт тогтворжиж, ажлын гүйцэтгэл, үр дүн дээшлэн, хүний нөөцийн тогтвортой байдал сайжирна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү