Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 04-ний өдрийн 19:47 цагт Дорнод аймгийн Халх гол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ”Буйр нуурт хийлдэг завьтай зугаалж байсан хоёр том хүн, гурван хүүхэд алга болчихлоо” гэсэн дуудлага бүртгэгджээ.
Уг мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 22 настай, эрэгтэй “Б”, 22 настай, эмэгтэй “Б”, 2 настай, эрэгтэй “Д”, 4 настай, эрэгтэй “Т”, 3 настай, эмэгтэй “М” нарын таван хүн Буйр нуурын усанд хийлдэг завьтай явж байгаад алга болсон байна.
Дээрх иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг Сум дундын цагдаагийн тасгаас Хилийн цэргийн ... дугаар анги, сумын Гал унтраах 62 дугаар ангийн алба хаагчидтай хамтран зохион байгуулж өнөөдөр 05:15 цагт Монгол Улсын усан хилийн ойролцоо 4 километр орчимд эсэн мэнд хөвж байсныг олжээ.
Иймд иргэдийг гол, нуур, цөөрмийн орчимд аялж зугаалж, усанд сэлэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, завиар зорчихдоо аврах хантааз заавал хэрэглэхийг анхаарууллаа.