“Чингис хаан” ОУНБ-д өтгөн манан татсаны улмаас “МИАТ” ТӨХК-ийн нислэг “Буянт-Ухаа”-д газардлаа

Өнөө өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өтгөн манан бууснаас “МИАТ” ТӨХК-ийн Стамбулаас Улаанбаатар чиглэлийн 254 зорчигчтой B-767 агаарын хөлөг 05 цаг 56 минутад “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан байна. Ийнхүү манан будангийн улмаас Хөшигтийн хөндийн нисэх буудалд буух онгоц Буянт-Ухаад газардсан тохиолдол дахин давтагдав. Япон улсын зээлээр Хөшигтийн хөндийд барьсан онгоцны буудал иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх биш улам хүндрүүлэх хандлага бий болсоор байгаа юм. Наад зах нь гадаад, дотоодоос ирж буй зорчигчдыг тосох гэсэн иргэд шөнийн турш хоёр нисэх буудлын хооронд машинтай давхих шаардлага гарч байгаа юм.

Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын албан ёсны www.mcaa.gov.mn сайтад “Чингис хаан олон улсын нисэх буудал ашиглалтад ороогүй буюу нөөц нисэх буудалгүй байх үед агаарын хөлөг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах боломжгүй болвол ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин, Хөх хот болон Солонгос Улсын Сөүл хотууд руу нисэх нөхцөл байдал үүсдэг байсан. Одоо цаг үеийн байдлаас шалтгаалан хоёр хөрш улсын нөөц нисэх буудалд очиж газардах боломжгүй байгаа тул “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахгүй тохиолдолд БНСУ-ын Сөүл хот руу нисэж, Инчеоны нисэх буудалд буухаас өөр аргагүй байдалд орохоор байлаа.  Тухайлбал, Сөүл рүү эргэн нисэхэд “МИАТ” ТӨХК хоёр талдаа нийт 7 цаг орчмын нислэг үйлдэж, зөвхөн нислэгийн зардалд 70 гаруй мянган доллар зарцуулдаг байжээ. Үүн дээр зорчигчдыг байрлуулах зэрэг бусад зардал нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашигласнаар дээрх зардлыг шууд хэмнэж байгаа юм. Мөн нислэгийн олон цагийн саатал үгүй болж, зорчигчдын тав тух алдагдахгүй, цаг хугацааг хэмнэж байна” хэмээн эд хав болгон дурджээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү