“Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет гурван өдөр тоглогдоно

Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 15, 16, 17-нд тоглох гэж байна.

Дэлхийд анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Парисын "Гранд опера" театрын тайзнаа "Жизель" бүжгэн жүжгийг тавьж байжээ.

Монголд анх удаа 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд ОХУ-ын балетмейстер Ф.Г.Кайдани дэглэн, толилуулж байв.

"Жизель" бүжгэн жүжиг нь хоёр үзэгдэлтэй. Нэгдүгээр үзэгдэлд бодит ертөнц, хүний амьдралыг харуулдаг. Харин хоёрдугаар үзэгдэл дээр романтизмын үеийн бодит ертөнцөөс хальсан хийсвэр сэтгэлгээний сүнсний хэсэг орж ирдэг.

Энэ удаад монгол уран бүтээлчийн шинэчилсэн дэглэлт, найруулгаар бүтээж, үзэгчдэд хүрэх гэж буйгаараа онцлог.

Дэглэлт найруулга дээр театрын Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва ажиллажээ. Дэлхийн сонгодог бүтээлийн агуулга, үзэгчдэд хүргэж буй утга санаа нь өөрчлөгдөөгүй боловч хөдөлгөөн, хөгжмийн хуваарилалт, шилжилт, жүжиглэлтийн хурд шинэ учраас цоо шинэ мэдрэмжийг үзэгчид авах болов уу.

Гол дүрүүдэд буюу Жизельд О.Анужин, Г.Батчимэг, М.Нандинцэцэг нар тоглох бол Альбертын дүрийг А.Эрдэнэболд, А.Тэмүүлэн, Д.Нацагдорж нар амилуулах ажээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү