Хөгжлийн банк “хотын фракц” устаагүйг илчиллээ

-НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөх Ш.Үнэнбатын “Бармон” компани Хөгжлийн банкнаас зээл авч барьсан барилгаа төрд өндөр үнээр шахсан-

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэдхэн хоногийн өмнө чанаргүй зээлдэгчдээ зарласан. Тэрбээр тус банкнаас гарсан нийт зээлийн 55.3 хувь нь улстөрчдийн гараар орж, гадаадаас зээлсэн 800 сая ам.долларын өрөө хэрхэх талаар толгой гашилгаж буйгаа учирлав. Хөгжлийн банкны дампуурлыг зарласан мэт энэхүү ноцтой мэдэгдэлтэй зэрэгцэн олон нийт төрийн мэдлийн банкийг дампууруулагчдын эрэлд мордов. Эрэл эцэстээ улстөрчид рүү хөтөлсөн. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөх Ш.Үнэнбатын “Бармон” компанийн нэр дурдагдсан нь эрх баригч МАН дотор ихээхэн шүүмжлэл дагуулах болжээ. Хөгжлийн банк 2019 онд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан Ш.Үнэнбатын хамаарал бүхий  “Бармон” ХХК 13.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Тухайн үед олон нийтийн сонгуульт албан тушаалтан  холбоо сүлбээгээ ашиглаж, өөрийн мэдлийн компанидаа давуу эрх олж авсан гэсэн үг.  Ш.Үнэнбатын “Бармон” компани Хөгжлийн банкнаас гэр хорооллын дахин төлөвлөлтөөр халхавчлан Чингэлтэй дүүргийн X хорооны нутаг дэвсгэр, 468 айлын “Шинэчлэл дэнжийн мянга” орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр зээл авчээ. Нийт 54 сарын турш зээлээ төлөлгүй,  17 тэрбумын өр хуримтлуулсан учир Хөгжлийн банк хууль номоороо шүүхэд хандсан байна. Гэвч энэ хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгч томилолгүй гацаасаар байгаа аж.

Одоо нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөх албан тушаалтай, төрөөс тусгай хамгамж авдаг Ш.Үнэнбат ийнхүү төрийн мөнгөөр хувийн бизнесээ амжилттай цэцэглүүлсэн байна. Гэвч тэрбээр төрөөс авсан олон тэрбум төгрөгөө эргүүлж төлөөгүйгээр зогсохгүй “Шинэчлэл дэмжийн мянга” хорооллынхоо тодорхой хэсгийг төрд эргүүлэн шахсан баримт бий.  Тодруулбал,  2020 онд нийслэлийн төр захиргааны байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор хямд өртөгтэй эхний ээлжийн 47 орон сууц нийслэлээс худалдан авсан байдаг. Үүнд, “Бармон” компанийн Чингэлтэй дүүргийн Х хорооны нутагт барьсан 41-55 ам.метр талбайтай 24 айлын орон сууцны барилга багтсан.  Нийтдээ 47 айлын үнэлгээ дөрвөн тэрбум гаруй төгрөг болсон. Энэ үйл ажиллагааг “хотын фракц” буюу  тухайн үеийн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар 2020 оны зургаадугаарын 30-нд тогтоол гаргаж баталгаажуулсан байдаг. Тухайн үед НИТХ-ын цахим хуудаст http://citycouncil.mn/news-details/809 ингэж мэдээлж байжээ.

 

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөх Ш.Үнэнбат гэж хэн бэ

Шагдаррагчаа овогтой Үнэнбат гэр бүлийн “Бармон”  компанийн дэд захирлаас ажлын гараагаа эхэлсэн. Улмаар ерөнхий захирал, ерөнхийлөгчөөр нь ажиллаж байхдаа нийслэлийн “парламент”-ад төлөөлөгчөөр сонгогдож байжээ. Ш.Үнэнбат нийслэлийн хуралд төлөөлөгчөөр сонсогдоод, 2020 онд нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга, хурлын тэргүүлэгчээр ажиллаж байхдаа Төв цэнгэлдэхийг хувьчлах асуудлыг Ж.Батбаясгалан дэмжлэгээр Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар оруулан хэлэлцүүлж байлаа. Мөн Ш.Үнэнбат нийслэлийн уяачдын холбооны тэргүүлэгч. “Хотын фракц” өөрөө Т.Бадамжунай, М.Энхболд, Ц.Сандуй нарын суурийг нь цутгасан Монголын морин спорт уяачдын холбоон дээр түшиглэн 21 аймаг, 330 суманд хөл гараа хүргэж чадсан гэж үздэг. 2019 онд С.Амарсайхан МАН дахь Зүүний холбоо буюу одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын дэмжлэгээр хотын дарга болсноор  “60 тэрбум” бүлэглэлийн толгойлогчид гэгддэг М.Энхболд, Ц.Сандуй нарын “хотын фракц”-ын 20 гаруй жилийн ноёрхол нуран уналаа гэж хэвлэлүүд бичиж байв. Гэвч Ш.Үнэнбат, Ж.Батбаясгалан нарын бүлэглэлийн Хөгжлийн банкнаас хот дамнасан дээрх үйл ажиллагаа “хотын фракц” устаагүйг илчиллээ. Өөрөөр хэлбэл, Ж.Батбаясгалан багш нарынхаа ардаас алхаж,  Ш.Үнэнбат гэдэг уяач, бизнесмэн, хуудуутай улстөрчийг бэлтгээд гаргаад ирлээ. 

Ш.Үнэнбатын зөвлөдөг Ж.Батбаясгалан гэж хэн бэ

Тэгвэл Ш.Үнэнбатыг өөрөөсөө алхам ч салгахгүй дагуулж явах болсон Ж.Батбаясгаланг улс төрд оруулж ирсэн хүн нь МАН дахь газрын мафи гэж яригддаг “хотын фракц”-ын  загалмайлсан эцэг гэгддэг Т.Бадамжунай. Энэ утгаараа 2020 онд нийслэлд МАН-ын үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Ж.Батбаясгалангийн нэр хотын даргад яригдаж байсан ч “хотын фракц”, "Т.Бадамжунай, М.Энхболд, Ц.Сандуй нарын хүн" гэдэг тодотголоор нам дотроо дэмжлэг авч чадаагүй. Үүний өмнө нийслэлийн Засаг даргын албыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж туршлагажсан Ж.Батбаясгалан анх 2006 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн Т.Бадамжунайгийн бие төлөөлөгчөөр ажиллаж анх улс төрд хөл тавьсан.    Ж.Батбаясгалан Т.Бадамжунайгийн охин Т.Оюунбилэгтэй  хамтран “Алтан хот” ББСБ-ыг  эзэмшиж, иргэдэд өндөр хүүтэй зээл олгох үйл ажиллагаа явуулж ирсэн. Ж.Батбаясгалан 2020 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ “Алтан хот” ББСБ-д тэг хувьцаа эзэмшдэг хэмээн дурдсан байдаг.

Эх сурвалж: Shugeluleegch.mn


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү