АМГТГ: Шатахуун түгээх станцуудад сар бүр гэнэтийн шалгалт хийнэ

Иргэдийн дунд шатахууны чанар муу, ус хольсон байх магадлалтай гэх хардлага бий. Үүнийг холбогдох албаны хүмүүс үгүйсгэж, ус холих боломжгүй гэж тайлбарлах болсон. Ямартай ч Ашигт малтмалын газрын тосны газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад өнөөдөр гэнэтийн шалгалт хийж, шатахуунаас дээж авлаа.

Энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн мэргэжилтэн Л.Төмөр "Аж ахуйн нэгжүүд чанарын шаардлага хангасан шатахуун нийлүүлдэг. Устай, механик хольцтой шатахуун худалдаалж байна гэдэг ташаа мэдээлэл. Агуулахаас станцад шатахуун нийлүүлэхдээ хий шахах боломжгүй. Ус хүнд жинтэй тул дороо тунадаг. Өдийд хөлдчихнө. Стандарт, хэмжил зүйн газраас шахалтад байнга хяналт тавьдаг, ямар нэг асуудалгүй. Одоогийн тоолуур шингэн шатахуунаа л тоолно. Машин тус бүрийн явалт, жолоочийн ур чадвараас шатахуун зарцуулалт хамаарна. Шатахууныг гаднаас нь хараад, үнэрлээд, чанартай эсэхийг мэдэх боломжгүй" гэв.

Тус газраас иргэдийн гомдлын дагуу сард нэг удаа шатахууны чанарт шалгалт хийдэг болжээ. Мөн түүвэрлэсэн байдлаар шатахуун түгээх станцуудаас дээж авч, хяналтаа үргэлжлүүлэх аж.

АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораториос өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нээс 2022 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд шатахуун түгээх станцуудаар борлуулж буй бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийжээ. Уг шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 32 хоногийн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 64, АИ-92 автобензин 31, дизелийн түлш 28,  ТС-1 онгоцны түлш 23 хоногийн тус тус нөөцтэй байгаа юм. Мөн литр шатахуун нийслэлд А80-2200, АИ92-2240, АИ95-2840, дизелийн түлш 2890 төгрөгийн үнэтэй байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү