“Болор цом - 38" наадмын тэргүүн шүлэг

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найргийг тодруулдаг “Болор цом” наадмын  тэргүүн шүлгийг уншигч та бүхэнд толилуулъя. 

38 дахь удаагийн “Болор цом” наадам халдвар хамгааллын дэглэмийг сахин, үзэгчгүй зохион байгуулагдаж, хоёрдугаар шатанд шалгарсан 30 найрагч шүлгэн хүлгээ уралдуулсан юм. 

Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд шалгарчээ. 

Эрхэм уншигч танд энэ жилийн “Болор цом” наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна. 

Цасан шуурга

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар, тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нүүж байна

Хоёр хөл минь

Хоосорч ханхайсан цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хойноос чинь гудайсан толгойгоо бариад

Хонгор минь би ч бас чиний араас явж байна

Өмнүүр уул, нурууд нүргэлэн өнгөрч

Араар гол мөрөн шургалан холдож

Ой модод чиний араас шажигналдан хийсэж

Ой дурсамжууд чиний хойноос шивнэлдэж одож байна

Шуурах цасан гаднаас дайравч

Шүүрэх зүрхэн дотроос хайравч

Мэдээ алдсан хөл минь

Алхам бүртээ чам руу л тэмүүлж

Зүгээ алдсан нүд минь

Аних бүртээ чамайг л харж байна

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нуугдаж байна

Хоёр хөл минь

Хүндээс хүнд цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хүйтнээс хүйтэн нүүрээ дараад

Хонгор минь би ч бас чиний араас явж байна

Дээшээ хот суурин хашгиралдан хөөрч

Доошоо хад чулуу харшилдан бууж

Өвс, ногоо чиний араас зулгаран шуугиж

Өвөл, хавар чиний хойноос урагдан унаж байна

Шуурах салхин гаднаас түлхэвч

Шүүрэх зүрхэн дотроос татавч

Хүнийх болсон хөл минь

Чиний төлөө алхаж

Чинийх болсон итгэл минь

Миний төлөө зовж байна

Галзуу догшин...

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нурж байна

Хоёр хөл минь

Хов хоосон цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хойноос чинь гудайсан толгойгоо бариад

Хонгор минь би чамаас хагацаж байна

Шуурах цасан дотор орж ирлээ

Шүүрэх зүрхэн гадагш гарч одлоо

Шархиран өвдөхийг ч мэдэхээ болилоо

Шаналан харуусахаа ч мэдэхээ байлаа


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү