Ахлах ахлагч Э.Даваажамц 900 км зам туулаад байна

Цэрэгжилтийн спортыг олон нийтэд сурталчлан таниулж, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг үлгэрлэн яваа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 22 дахь өдрөө гүйж байна.

Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр тэрбээр өнөө өглөө 900 км зам туулж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт ирсэн байна. Ахлах ахлагч Э.Даваажамц 22 хоногийн хугацаанд Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хөндлөн туулсан бөгөөд түүнд орон нутгийн иргэд, Зэвсэгт хүчний алба хаагчид, тээвэрчид, зарим аж ахуйн нэгжүүд сэтгэлийн дэмжлэг үзүүлж, амжилт хүссээр байгаа юм. Тухайлбал, Монголын залуучуудын холбоо болон түүний орон нутаг дахь салбарууд, Ховд аймгийн ЗДТГ, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, төрийн цэргийн байгууллагууд, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлагчийн зөвлөлийнхөн замд нь тосон авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн “lowa”, “Garmin Mongolia”, “Монос” групп, “Unitel” компани өөрийн нэрийн бүтээгдэхүүнээс хандивлаж, бартаа саадгүй зорьсон газраа хүрэхийг хүсэн ерөөжээ.

Түүнчлэн ХХЕГ-ын удирдлагууд хилийн заставтаа ажиллахаар явах замдаа ахлах ахлагчид хүндэтгэл үзүүлж “Цэрэг хүн ийм л байдаг. Бидний зорилго эх орныхоо төлөө гэсэн эрхэм үйлс юм” хэмээгээд торгон хилийн баганын гэрэл зургийг дурсгасан байна.

Сонирхуулахад, Ахлах ахлагч Э.Даваажамцад мэргэжлийн дэмжлэгийг ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн холбогдох удирдлагууд үзүүлж байгаа аж.

 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү