Тархи сэргээх сонирхолтой дасгал

Америкийн зохиолч, судлаач Дороти Брэнди 1936 онд “Wake Up and Live” номдоо тархийг сэргээх сонирхолтой дасгалыг багтаасан байдаг. Зохиолч эдгээр дасгалыг хийх нь хүнд илүү шинэлэг бөгөөд цар хүрээтэй сэтгэх боломжийг олгодог гэж үзсэн байна. Дараах дасгалууд нь хүнийг өөртөө бий болгосон хэвшмэл орчноосоо гарах, бүхнийг өөр өнцгөөс харах боломжийг олгоод зогсохгүй илүү бүтээлч сэтгэлгээтэй болгож, тархийг хөгжүүлэхэд тусалдаг гэжээ. 

Хэдийгээр энэхүү ном гараад 85 жил өнгөрсөн ч өнөө ч үр дүнгээ алдаагүй байна гэж шүүмжлэгчид үнэлдэг юм. Ингээд та бүхэнд тархи сэргээх сонирхолтой дасгалаас хүргэе. 

Дасгал 1: Өдөр бүр нэг цагийн турш өөр илүү нэмэлт зүйл юу ч хэлэхгүйгээр асуултад хариул. Ямар ч тохиолдолд уурлаж, бухимдаж, нэмэлт тайлбар хэлж болохгүй. Хэн нэгэнтэй яриа бүү эхлүүл.

Дасгал 2: Өдөр бүр 30 минутыг тодорхой ганц зүйлийн талаар бодоход зориул. Жишээ нь: уншиж буй номынхоо утга санаа, гол дүрийн бүх шинж, хэлэх гэсэн санаа гэх мэтийг бодоорой. Өөр юуг ч бодож болохгүй.

Дасгал 3: Өдөр бүр 15 минут бусадтай харилцахдаа “Би, миний, намайг” гэсэн гурван үгийг огт хэрэглэхгүйгээр ярь. 

Дасгал 4: Шинэ хүнтэй танилцахдаа зөвхөн тухайн хүний өөрийнхөө тухай ярихыг нь л сонс. Өөрөө юу ч битгий хэл. Харин тэр хүнээс өөрийнх нь талаар хэд хэдэн нэмэлт асуулт асууж болно. Тэгвэл тэр хүнд нөхцөл байдал эвгүй санагдахгүй. 

Дасгал 5: Өөр хэн нэгэнд зөвхөн өөрийнхөө тухай ярь. Ингэхдээ нэг ч магтаал, гомдол, бухимдал хэлэхгүйгээр ярина.

Дасгал 6: Өдөр бүр нарийн төлөвлөсөн хоёр цагийн хатуу хуваарь гаргаад тэрийгээ ягштал мөрд. 

Дасгал 7: Өөртөө ямар ч хамаагүй, сонирхолтой 12 төрлийн даалгавар өг. Тухайлбал: таван буудал газар алхах, 12 цагийг ямар ч хоол идэхгүйгээр өнгөрөөх, өглөөний цайгаа хамгийн сонин газар идэх, ямар ч мах, гурил, будаагүй оройн хоол идэх, хүмүүсийн асуусан асуултад зөвхөн “Тийм, үгүй” гэж хариулах, ажлын цагаар хэнээс ч дуудлага хүлээн авахгүй байх гэх мэт.

Орчлон дээрх хамгийн төгс, хамгийн адармаатай, хамгийн цогц, хамгийн нууцлагдмал, хамгийн хүчирхэг зүйл бол хүний уураг тархи юм. Тиймээс тархийг ямагт сэргээж, амьдралыг илүү сонирхолтой болгох, өөрийгөө танин мэдэхэд ашиглаж сураарай. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү