Ж.Гүррагчаад Төрийн дээд шагнал "Чингис хаан одон" гардууллаа

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улс, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад "Чингис хаан одон" гардууллаа.

Ж.Гүррагчаа нь ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн юм.

Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.

Ийнхүү тэрбээр сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ. 

Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ.

Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Тухайн үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон бөгөөд анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Энэхүү одонг 2005 оноос эхлэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар анх тогтоосон байна. Энэ дагуу эхний 6 хүнийг шагнажээ.

Харин 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсноор тогтоолд өөрчлөлт оруулж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн-“Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгаж, өдгөө энэхүү дэг жаягийг баримталж байгаа юм. Гэвч 2020 онд шагнал гардуулах ёслол өнжиж, өнөөдөр "Чингис хаан" одонгийн эзэн бас нэгэн эрхэм ийнхүү тодорлоо.

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 12 хүн,  нэг хамтлагийг шагнасан бөгөөд үүнд,

2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат,

2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн

2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном

2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай

2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо

2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар

2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр

2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг

2021 онд Монгол Улс, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар ийнхүү хүртээд байна.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан эрхэм нь дараагийн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж, жил бүрийн Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг авч, Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхийг эдэлдэг байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү