Бүх гишүүдийн ээлжит хурлыг цахимаар зохион байгуулж байна

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд зааснаар хадгаламж, зээлийн хоршоод бүх гишүүдийн ээлжит хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш дараа оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн дотор зарлан хуралдуулах үүрэгтэй. Мөн ээлжит хурлын зар, хэлэлцэх асуудлын жагсаалтыг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргэх зохицуулалттай.

Гэвч коронавируст халдварт цар тахалтай холбогдуулж улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгаж энэ өдрүүдэд олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж зээлийн хоршоодын 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж оролцоог хангах, оролцох боломжгүй гишүүдийн саналыг урьдчилан бичгээр авах зэргээр боломжит хэлбэрээр зохион байгуулах зөвлөмжийг нийт хадгаламж, зээлийн хоршоодод хүргүүлсэн. Энэ дагуу зарим хадгаламж, зээлийн хоршоо цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулж аливаа хурал, уулзалтад түгээмэл ашиглаж буй хэрэглэхэд хялбар https://zoom.us/, https://www.facebook.com/, https://meet.google.com/ зэрэг цахим сүлжээг ашиглаж бүх гишүүдийн хурлаа зохион байгуулж байна.

Дашрамд дуулгахад, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 245 дугаар тогтоолоор баталсан “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ын 2.1.13-т заасны дагуу бүх гишүүдийн ээлжит хурал хуралдсанаас хойш 30 хоногийн дотор Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хурлын материалыг Хороонд хүргүүлэх үүрэгтэй тул үүнд анхаарч ажиллахыг зөвлөж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү