Хятадын шүүх анх удаа салсан эхнэрт нь гэрийн ажлын нөхөн төлбөр олгуулах шийдвэр гаргажээ

Таван жил хамт амьдраад салсан эхнэрт нь гэрийн ажлын нөхөн төлбөрийг нөхрөөр нь төлүүлэх анхны шийдвэрийг Хятадын шүүх саяхан гаргажээ.

 

Өнгөрсөн оны аравдугаар сард хос хоёр Бээжин хотын шүүхэд гэр бүлээ салгуулахаар хандсан байна. Энэ үеэр эхнэр нь таван жилийн хугацаанд угаах цэвэрлэх, хоол хийх, хүүхэд асрах зэрэг гэрийн ажил хийснийхээ нөхөн төлбөрт $24,700 орчимтой тэнцэх хэмжээний мөнгө хуучин нөхрөөсөө нэхэмжилж байжээ.Ингэхдээ салсан нөхрөө гэрийн ажилд бараг оролцдоггүй байсан хэмээн гомдоллосон байна.

Харин шүүх саяхан уг хүсэлтийг нь $7,700 орчим байхаар эцэслэн шийдвэрлэсэн тухай Хятадын Үндэсний Радио мэдээлсэн байна.

Үүнээс гадна салсан хос бүх хөрөнгөө тэгш хувааж, нөхөр нь ээжтэйгээ хамт амьдрахаар болсон хүүдээ сар бүр $300 орчмын тэтгэмж төлөхөөр болжээ.

Хятадын эрх баригчдын шинэчилсэн иргэний багц хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн хүрээнд гэрийн ажилд нөхөн төлбөр олгуулах анхны шийдвэрийг шүүхээс гаргасан нь энэ юм.

Шүүхийн энэ шийдвэрийн талаар Хятадын сошиал сүлжээнд өргөн хэлэлцүүлэг өрнөж, өчигдрийн байдлаар хаштагийг нь 500 гаруй сая удаа ашиглажээ.

Иргэдийн зарим нь гэрийн ажлыг анх удаа үнэлснийг сайшаасан бол зарим хэсэг нь хэтэрхий багаар үнэлсэн хэмээн шүүмжилж байна.

Уг шийдвэрийг гаргасан шүүгч Фэн Мяо нөхөн төлбөрийн хэмжээг нөхрийнх нь орлогын хэмжээ, Бээжин хотын амьдрах өртгийн хэмжээн дээр үндэслэж гаргаснаа хэвлэлд тайлбарлажээ.

Цаашдаа ийм шийдвэр олон гарах тул гэрийн ажлын нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцоолох аргатай болох хэрэгтэй байгааг тэр чухалчилсан байна,

 

Эх сурвалж: CNN


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү