Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хугацааг хойшлууллаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хоёрдугаар хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг  нэмэгдүүлэх хуваарийг хойшлуулахаар шийдвэрлэлээ. 

Учир нь, Хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолоор банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг шинэчлэн баталсан. Үүнд, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааг бусад үйл ажиллагаатай хавсран эрхэлж буй ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг энэ сарын 10-ны дотор Улаанбаатар хотод 1.9 тэрбум төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 475.0 сая төгрөг, бусад аймаг, сумдад 145.0 сая төгрөгт хүргэхийг үүрэг болгосон. Харин банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны үйл ажиллагааг дагнан эрхэлж буй ББСБ-ууд мөн өдрийн дотор нийслэлд 300.0 сая төгрөг, аймаг, сумдад 200.0 сая төгрөгт хүргэхээр заасан. 

Гэтэл цаг үеийн нөхцөл байдлаас үүдэж буюу коронавирус /КОВИД-19/-т халдварт цар тахлын улмаас манай улсын санхүү, эдийн засгийн салбарт хүндрэл үүсч, эдгээр байгууллагын зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлт удааширч, салбарын үйл ажиллагаа доголдохын зэрэгцээ дээрх байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй байдал үүссэн. 

Иймээс Хорооны ээлжит хоёрдугаар хуралдаанаар 2019 оны 441 дүгээр тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 26 дугаар тогтоолыг хэлэлцээд, дээрх байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг нэг жилийн хугацаагаар хойшлуулахаар ийнхүү шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: СЗХ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү