“Үндэсний урлагийн их театр”-ын ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.43, 3.2.59-т заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж “Үндэсний урлагийн их театр” барих асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж байсан. Тэгвэл өнөөдөр уг ажлын явцын талаар мэдээлэл солилцохоор  Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон Соёлын сайд С.Чулуун холбогдох газрын удирдлагууд газар дээр нь очиж ажиллалаа. Одоогийн байдлаар Үндэсний урлагийн их театрын зураг төслийн ажил хийгдэж байна. Үүний дагуу  эхний ээлжийн 91 айлын газрыг чөлөөлөөд байгаа юм. Уг төслийн хүрээнд нийтдээ 160 гаруй айл өрхийг газар чөлөөлтөд хамруулах бөгөөд үлдсэн 70 гаруй айлын газрыг ирэх оны 4-р сар бүрэн чөлөөлөхөөр төлөвлөөд байна. 

Барилгын газрын асуудлыг цогцоор шийдвэрлэх, барилгын зураг төсөв боловсруулах, холбогдох тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэгт Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам, Соёлын яам, Соёл урлагийн газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг байгууллагын удирдлага багтсан байна.

Орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер шийдэлтэй, урлаг уран сайхны цогцолбор арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан Үндэсний урлагийн ордонтой болохыг зорьж ажиллаж байна. 

Эх сурвалж: БХБЯ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү